Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2023 онд шинэлэг, шинэ олон уран бүтээлүүдийг өөрийн тайзнаа туурвихаар төлөвлөж, ээлжит шинэ уран бүтээл тун удахгүй хөшгөө нээх гэж байна. Энэ оны анхны шинэ дуурь нь Ж.Вердийн алдарт бүтээл “Макбет” дуурь бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 17.00 цагаас ДБЭТ-ын тайзнаа толилуулах юм. Энэхүү дуурийг Олон улсын “И Эс Эм” сургууль ивээн тэтгэн ажиллажээ.
Тус дуурийн найруулагчаар УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Итали улсын удирдаач Степано Торболи, дуурийн ерөнхий хормейстерээр ДБЭТ-ын хормейстер Н.Дашбямба, хормейстрээр Д.Отгонбаатар, бүжгийн найруулагчаар ДБЭТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий балетмейстрээр Д.Дашлхагва, төгөлдөр хуурчаар гавьяат жүжигчин Б.Солонго, ДБЭТ-ын концертмейстр Б.Оюунгэрэл, Э. Намуун, Х.Уртнасан нар ажиллаж байна. Мөн ДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид, найрал дуучид, балетын жүжигчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хүргэнэ.
ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулгын найруулан тавьж буй Ж.Верди “Макбет” дуурь нь дөрвөн бүлгээс бүрдэнэ.
Дуурийн гол болон туслах дүрүүдэд:
Макбет-Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар,
Хатагтай Макбет- Ш.Наранчимэг /гавьяат жүжигчин/, Б.Энхнаран,
Банко-О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ,
Макдуф-М.Даваадорж, Б.Батжаргал,
Мальколм-Г.Шижирболд, Ө.Цэрэнчунт,
Фрейлина(Дама)-М.Дариймаа, Ж.Энхмаа,
Эмч-Б.Алтанхуяг, Э.Мөнхтөр,
Алуурчин- Э.Амарсайн, Х.Бямбарагчаа,
Үйлчлэгч, зэвсэгч-Л.Пүрэвдорж, Т.Одбаяр,
Дункан/үггүй/-Л.Батбаатар нар тоглохоор бэлтгэж байна.
Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг "Макбет" (бүрэн нэр нь "Макбетийн эмгэнэл") нь Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолуудын нэг юм.
“Макбет” 1847 оны гуравдугаар сарын 14-нд Театр делла Пергола театрт нээлтээ хийсэн бөгөөд маш их амжилтанд хүрсэн. Хоёр дахь хувилбарыг 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд "Theatre Lyrique de Paris" тайзнаа тавьжээ.
Ж.Вердийн "Макбет" нь эрх чөлөө, дарангуйллын сэдвүүдэд хамгийн их анхаарал хандуулдаг. Ж.Верди амьдралынхаа туршид улс төрд чин сэтгэлээсээ хандсан байдгаараа онцлог.
Ийнхүү дэлхийн сонгодог дуурийн тоо нэгээр нэмэгдэж, ДБЭТ-ын тайзнаа шинээр мэндлэхэд бэлэн болоод байна.