Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүрийн өглөө аль нэг салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийдэг болсон. Өнөөдөр хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өглөөний уулзалтаа хийлээ. Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Энэхүү уулзалтынхаа үеэр Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Үндсэн хуульд яагаад дахин дахин өөрчлөлт оруулах гээд байна вэ гэж байна. Харин би болохгүй бол хэдэн ч удаа өөрчилж болно гэж боддог. Болохгүй байгааг нь 30 жил мэдчихээд дараа үедээ зовлон хүлээлгэж өгөх нь утгагүй. Дараа дараагийн Ерөнхий сайд надаас илүү азтай байгаасай гэж мөрөөддөг. Шинэ мянганы залуусдаа сайхан нийгмийг үлдээх юмсан гэж боддог. Энэ тохиолдод бид ярилцах ёстой. Болохгүй зүйл байвал гал атгаад ч хамаагүй шийдэх ёстой. Үндсэн хууль тогтоогчид маань амьд сэрүүн байна. Анх баталсан үеийг тийм ч мэдээлэлтэй үе байгаагүй гэдэг. Бид энэ үед болохгүй байгаа заалтыг хараад яагаад амьдралаараа хохирч явах ёстой гэж. Яагаад бид нар "Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн" гэсэн заалт дэмжигдсэнээс болоод 30 жил түгжрэх ёстой ёстой гэж.
Жендэр бол эмэгтэйчүүдийг заавал УИХ-д оруулах гээд байгаа лобби биш. Айл гэрт аав ээж хоёул байхад гэрийн уур амьсгал сайхан болдог шиг улс төрд хүйсийн тэнцвэртэй харьцаа бий болбол төр нийгмийн илүү цогц шийдвэр гаргана. Жендэр гэхээр заавал эмэгтэй төлөөллийг дэмжих ойлголт биш. Төрийн албанд эрэгтэй, эмэгтэйчүүд тэнцвэртэйгээр ажиллах, хүйсийн тэгш төлөөллийн тухай юм. Одоо 76 гишүүн нутаг дэвсгэрийг төлөөлдөг. Жишээ авбал Хан-Уулд огт замгүй байсан ч УИХ-ын гишүүд тэр тойрогт биш тойрогтоо л зам тавиулах гэж үзнэ. Үүний уршгаар гишүүд асуудлыг хэсэгчилж харах сул талтай. Энэ бол мажоритар тогтолцоо.
Яагаад бид 76-аар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх болсон гэхээр нийгмийн сегментийн төлөөллүүд парламентад байх ёстой. Энэ тохиолдолд парламентын гишүүдийн тал нь нутаг дэвсгэрийг, үлдсэн тал нь нийгмийн өөр өөр бүлгийг төлөөлнө. Ингэснээр асуудалд илүү үндэсний хэмжээнд хандаж, зөвхөн өөрийн тойргоор хязгаарлагдахгүй гэсэн үг юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар нийгэмд ойлголт бий болсон үед л хийнэ. Одоо бид ярьж эхэлснээр арван жилийн дараа хийх өөрчлөлтийн суурь байж мэднэ. Нийгэм дэмжвэл парламент шийднэ. Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг учраас эсэргүүцэл гарвал аяндаа л хийгддэггүй. Хүлээн зөвшөөрвөл аяндаа хийгддэг тул манай Засгийн газар эс үйлдэл хийхийг хүсээгүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр нь УИХ-ын гишүүдийг нэмэх тухай ярьсан. Гэвч дэмжлэг аваагүй. Дэмжээгүй юм аа гээд мартаад 30 жил явах уу. Залуустаа асуудал үлдээх үү, эсвэл гал аваад ч хамаагүй шийдэх үү гэвэл би шийдэх нь зөв гэнэ. Зөв бурууг түүх шүүнэ" гэв.