Хөвсгөл аймгийн Шуурхай штабын хуралдаан болж, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе эхэлсэнтэй холбогдуулан ойгоос мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ, арчилгаа хийх, үр, мөчир бэлтгэхийг зургаадугаар сарын 10 хүртэл түр хугацаанд зогсоолоо. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар болжээ.
Хуурайшилтын түвшин өндөр байгаа газруудад эргүүл хяналт, шалгалт хийх, байнгын ажиллагаатай пост гаргах, түймэр гарсан үед хүн хүч, техник хэрэгслийг дайчлан шуурхай унтраах, шаардагдах зардал, багаж хэрэгсэл, хүнсний нөөцийг хангах, мэдээллийг шуурхай дамжуулах хариуцлагатай жижүүр ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хөвсгөл аймагт он гарсаар Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ гэсэн 3 суманд ой хээрийн түймэр, объектын гал түймрийн 33 тохиолдол бүртгэгдсэний 16 нь Мөрөн суманд бүртгэгдсэн байна.