АНУ-ын Миссури мужид 78 настай эмэгтэй банк дээрэмдсэн хэргээр гурав дахь удаагаа баривчлагдаад байна.
Бонни Гүүч дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Гопперт Файнэншл банк руу явж ороод теллерт бичиг үзүүлэн бэлэн мөнгө өгөхийг шаарджээ. Тэрээр мөнгөө аваад гарч явахынхаа өмнө “Баярлалаа, уучлаарай. Чамайг айлгая гэж бодоогүй шүү” гэсэн бичиг үлдээсэн байна.
Тэрээр банк руу хар маск, нарны хар шил, бээлийтэй ороод теллерт “Надад 13 мянган доллар хэрэгтэй байна” гэсэн бичиг үзүүлсэн талаар шүүхийн баримтад дурджээ. Гүүч лангууг цохиж, мөнгө өгөхийг шаардаж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн гэж прокурорууд дүгнэлтдээ бичсэн байв. Ийнхүү Гүүч 25 мянган доллар дээрэмдсэн хэргээр ял эдлэхээр болж байна.
Плэзент Хилл хотын цагдаагийн газрын дарга Томми Райт “Цагдаа нар хэрэгтнийг тогтоосон ч их гайхсан. Учир нь ийм жижигхэн биетэй настай эмэгтэй байна гэж бодоогүй. Бид эхэндээ зөв хүнээ тогтоосон эсэхдээ эргэлзсэн” гэж мэдээлжээ.
Энэ нь Гүүчийн хувьд банк дээрэмдсэн гурав дахь хэрэг болж байна. Тэрээр өмнө нь 1977 болон 2020 онд банк дээрэмджээ. 2020 онд Гүүч банк руу ороод теллерт “энэ бол дээрэм” гэсэн бичигтэй төрсөн өдрийн мэндчилгээ өгсөн байна. Энэ хэргийнх нь тэнсэн харгалзах ялын хугацаа 2021 оны арваннэгдүгээр сард дуусаад байв.
Эх сурвалж: ВВС