ХӨСҮТ-өөс халдварт өвчний тархалт болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Д.Оюунгэрэл: Арванхоёрдугаар сард томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж улсын хэмжээнд гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтэд хүрээд байна. Өвчлөл буурахгүй байна. Амбулаториор хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 16 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 5-6 хувиар нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчнөөр амбулаторид хандаж байгаа иргэдийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байх бөгөөд үүн дотроо 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Эмнэлэг хэвтэн эмчлүүлэгсдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 80 орчим хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.
Энэ жилийн хувьд вирусийн улирлын томуугийн үүсгэгч буюу H1N1, H3N2 вирус давхар эргэлтэд орж хүн амын дунд томуу, томуу төст өвчнийг зонхилон үүсгэж байна. Үүний хажуугаар хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын синтицаль вирусээр халдварласан хүнд хэлбэрийн уушгины хатгаа их байна. Энэ вирус нь бага насны хүүхдүүдийн өвчлөлийн гол шалтгаан болж байна.
Улирлын томуугийн вакцин хийгдэж байгаа. Томуу, томуу төст өвчнөөс, улирлын томуугаас бага насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс болон 65-аас дээш настай хүмүүсийг хамгаалах арга нь томуугийн вакцинд хамрагдах байдаг. Иргэд томуугийн вакциндаа хамрагдаж амжаагүй байгаа бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж вакцинаа хийлгэхийг уриалж байна.
Тууралтат халдварт өвчний талаар:
-Амьсгалын замын халдварын тандалтыг бид цочмог халууралт-тууралтат хам шинж, цочмог цэврүүт тууралт халууралт-хам шинж гэсэн хоёр хам шинжээр авч үзэж тандалт хийдэг. Эдгээр тандалтаас авч үзэхэд аль аль нь өмнөх таван жилийн дундаж болоод, босго үзүүлэлтээс даваагүй ижил түвшинд байгаа.
Салхин цэцэг өвчний хувьд өмнөх гурван жилтэй харьцуулахад өвчлөл нэмэгдэж байна. Гэвч энэ нь цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн босго үзүүлэлттэй ижил түвшинд байна.
2022 онд ХӨСҮТ-д салхин цэцэг өвчний оношоор 675 хүн хэвтэн эмчлүүлсэн. Харин 2023 он гараад эхний гурван сарын байдлаар 300 хүн салхин цэцэг өчний оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна.
Амьсгалын замын халдварт өвчний голлох шалтгаан нь нэгдүгээрт томуу, томуу төст өвчин, хоёрдугаарт салхин цэцэг өвчин эзэлж байна. Салхин цэцэг өвчний хувьд хэдийгээр босго үзүүлэлт даваагүй ч гэсэн 2020, 2021 онтой харьцуулахад өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир ард иргэд халдвар, хамгааллын дэглэмээ барина уу.
Ард иргэдэд анхааруулахад:
-Хүүхэд тань халуурч, ямар нэг хэмжээгээр тууралт өгч байгаа бол үүнийг халдварт өвчин байх магадлалтай гэж үзэн хүүхдээ сургууль, цэцэрлэг, олон нийтийн газраар явуулахгүй байх, гэртээ тусгаарлах яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй байна. Ингэснээр бид салхин цэцэг болоод амьсгалын замын халдварыг нэмж тархаахгүй, бусад хүмүүсийг өвчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэх боломжтой юм.