Франц улсад зохион байгуулагдсан олон улсын “Fipadoc” кино наадамд гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино тэргүүлжээ.
Монголын хойд нутгийн хөвч тайга, ан амьтад, нутгийн иргэдийн зан заншил, ахуй амьдралыг харуулсан киног бүтээхдээ багийнхан хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж зураг авчээ.
Нийт таван улсын байгаль хамгаалагчдын тухай хийсэн кинонуудаас Монголд хийсэн тэдний баримтат кино ийнхүү тэргүүлэв.
Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар-Афхами нь Монгол орны нүүдэлчин соёл ахуйг дэлхий нийтэд таниулах зорилгоор манай улсад тогтмол ирж ажиллаж буй. Түүний зургууд National Geographic Adventure, Le Figaro, Paris Match зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг бөгөөд өмнө нь хийсэн “Цаа бугын хүмүүс” баримтат кино нь Канадын кино наадмаас “Соёлын шилдэг кино”-ны шагналыг хүртэж байжээ.