Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Дэлхийн улс орнууд түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд зориулан өөр өөрийн өнгө төрх агуулсан хүндэтгэлийн хаалга босгодог уламжлал бий. Ийм жишээнд Францын нийслэл Парисын Ялалтын хаалга, ОХУ-ын Москва хотын Кутузовын өргөн чөлөөн дэх Ялалтын болон Берлиний Бранденбургийн хүндэтгэлийн хаалга зэргийг нэрлэж болно. Парис дахь Ялалтын хаалгыг Наполеон хааны зарлигаар анх 19 дүгээр зууны эхэнд нэрт архитекторч Жан Шальгрен барьсан. Шарль-де-Голлийн талбайд байрлах уг хаалганд тулаанд ялалт байгуулсан 128 газрын нэр, байлдаан удирдаж байсан 658 жанжны нэрийг хананд нь сийлсэн байдаг нь жирийн ч нэг хэрэг биш. Тэгээд ч Европыг эзлэн түрэмгийлсэн Наполеоныг төдий л их таашаадаггүй ч ялалтын алдрыг нь мөнхөлсөн энэ хаалга өдгөө францчуудын бахархал болоод байгаа. 1789-1791 онд Карл Готтгардын барьсан Бранденбургийн хаалга гэхэд Берлин хотыг хамгаалсан долоон хаалганаас үлдсэн цорын ганц хаалга болж Герман улсын билгэдэл болоод байгаа. Харин манай улсын хувьд нийслэл хотдоо 1957 онд хос цагаан хаалга барьсны нэг нь Нисэхийн цагаан болон нөгөөх нь Хан-Уул дүүрэг дэх Биокомбинатын цагаан хаалга. ЗХУ-ын маршал тухайн үед дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошилов манай улсад айлчлах болсонтой холбогдуулан Монгол-Зөвлөлтийн найрамдлын билгэдэл болгож энэ хаалгыг барьсан гэдэг. Нисэхийн цагаан хаалганы хувьд ирсэн зочид бүхэн буян амлаж, сайхан сэтгэл өвөртлөн ирж байхыг билгэдэж “Буянт-Ухаа” хэмээн нэрлэсэн ч хэмээдэг. Германы Бранденбург, Москвагийн Ялалтын талбайг бодоход нэг их түүхт ой болон тэмдэглэлт үйл явдалд зориулан босгоогүй ч манай Монголын энэ хүндэтгэлт хаалгууд босоод өдгөө 55 жилийг элээчихэж. Монгол Улсын нисэх хүчний командлагч генерал М.Зайсанов онгоцоороо хаалган доогуур нь шурган нисч нисэх урлагийн гайхамшиг үзүүлсэн гэж яригддаг энэ хаалга яахын аргагүй манай улсын түүхийн дурсгал. Нийслэл хотын дурсгалт газрын жагсаалтад багтдаг Биокомбанитын цагаан хаалгыг өнгөрсөн долоо хоногт нураасан бол “Буянт-Ухаа” цагаан хаалганы хувь заяа ч бас өнөөдөр, маргаашгүй шийдэгдэх гэж байсан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Яармагаас нисэх чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд цагаан хаалгыг нураах шаардлагатай болсон. Гурван эгнээ зам болгож байгаа учраас энэ долоо хоногт нураана” хэмээн ярьсан. Уг нь, тоосгоор барьж, шохойгоор өнгөлсөн энэ хаалгыг хоёр, гурван жилийн өмнөхөн төсөрхөн гантиг чулуугаар өнгөлж засварлаж байсансан. Тэнд зарсан хөрөнгө мөнгө нь ч яахав гэхэд Монгол Улс, нийслэлийн нэгэн цагийн түүхийн дурсгал болох энэ байгууламжийг дахин сэргээх болов уу гэж хэн хүнгүй, ялангуяа ахмад үеийнхэн бодож байгаа нь лавтай. Цагаан хаалгыг дахин барих болов уу гэхэд Д.Нанзаддорж дарга “Эрх бүхий хүмүүсийн шийдэх асуудал. Хуучин байсан газар нь барих боломжгүй. Хаалганы багана өргөн учраас автомашины хөдөлгөөнд саад учруулна” гэсэн юм. Москва Хүндэтгэлийн, Берлин Бранденбургийн, Парис Ялалтын хаалгатай л байна шүү дээ. Наад захын аймаг, сумд хүртэл өөрийн гэсэн үдэлт, угталтын хаалга, хөшөөг аль хэдийнэ сүндэрлүүлчихсэн. Гэтэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар маань өөрийн гэсэн өнгө төрхтэй хүндэтгэлийн хаалгатай яагаад байж болохгүй гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд дэгдсэн. Юутай ч, НИТХ-ын тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Буянт-Ухаа” цагаан хаалгыг хэвээр үлдээх шийдвэр гарлаа. Ийнхүү нийслэл хот маань давхар бус дан хаалгатай боллоо.