Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-нд "Степпе Арена"-д зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл тус арга хэмжээнд Япон улсаас урилгаар Рика Хонго, Цүнэхито Каракава, Чисато Үрамацү, Хирако Хонда болон Монголын мэргэжлийн уран гулгагч Гансүхийн Марал-Эрдэнэ нар оролцох аж. Япон улсаас урилгаар ирэх уран гулгагчдаас хамгийн алдартай тамирчин нь Рика Хонго юм. Тэрээр өдгөө 26 настай Хонго ISU-гийн томоохон тэмцээн “Four Continents” буюу дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2015, 2016 онд хүрэл медаль хүртэж “Rostelecom” Гранпри, “Finlandia” турнир тэмцээнд алтан медаль хүртэж байсан. Түүнчлэн 2015 онд хамгийн оргил амжилтаа үзүүлж, өрсөлдөөн ихтэй Японы улсын аваргаасаа мөнгө, “Four Continents”-т хүрэл медаль хүртэж, “Rostelecom Cup” Гранпри болон Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо