“Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын ажлыг 2022 оны сүүлчээр гүйцэтгэж дууссан байна. Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын филармонийн үндсэн байр болох концертын танхимын нөхцөл сайжирсан юм.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Улсын Филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жил хэмээх тэмдэглэлт ой давхацсан жилд засварын ажил хийгдэж, тохилог дулаахан болоод буй юм. Тиймээс Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулгын тоглолтыг ая тухтай орчинд тухлан сууж үзэх боломж бүрдлээ. Энэхүү төслийн нийт өртөг 83056 ам.доллар буюу 236 сая 213 мянган төгрөг болсон байна.
Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10 бөгөөд (хэрэгжиж буй төслийг оролцуулан), олгосон мөнгөн дүн 696291 ам.долларт хүрээд байна.