“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон улсад сурталчлан таниулах юм.
Монгол Улсын 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болсон Ц.Цогтбаатарын хувьд энэ онд “Ташкент 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медаль, Парисын Их дуулгын хүрэл медаль хүртээд байгаа билээ.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь 2023 оны наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм.
Монгол Улсад Зүүн Азийн бүсийн спортын олон төрөлт залуучуудын наадмыг анх удаа зохион байгуулснаар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн Зүүн Азийн бүс нутгийн шинэ залуу тамирчдыг нээн илрүүлж, харилцаа холбоог бэхжүүлэн нөхөрлүүлж, тэдэнд 2028 болон 2032 оны Олимпын наадамд оролцох хүсэл зоригийг төрүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.