Орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, хоёр жилийн хугацаанд царцаалаа. Тодруулбал, 2020 оноос хойш ипотекийн зээл авсан иргэд үндсэн зээлийн болон хүүгийн эргэн төлөлтөө төлөхгүй байгаа юм. Үүний уршгаар 2013 оноос хойш тасралтгүй, амжилттай хэрэгжиж ирсэн орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн хөтөлбөр сүүлийн нэг жил саатсан. Энэ нь ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд багагүй чирэгдэл учруулж буй. Тиймээс ирэх оны нэгдүгээр сараас эхлээд иргэд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг төлж эхлэх учиртай. Хэдий инфляц хөөрөгдөж, эдийн засаг хүндэрсэн тул дээрх арга хэмжээг үргэлжлүүлэх тухай шат шатандаа яригдаж байсан ч эрх баригчид зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах боломжгүй гэх байр суурь илэрхийлсэн юм.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд мэдээлсэн. Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.
Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэсэн юм.
Уг нь УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэх үед УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж байгаа талаар мэдээлж байв. Гэвч энэ саналыг Монголбанк, МИК, УИХ-ын гишүүд болон салбар яамны аль нь ч дэмжээгүй юм. Учир нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар нөөц сангийн хөрөнгө шавхагдаж, шинээр зээл авах хүсэлтэй иргэд дахин тодорхойгүй хугацаагаар хүлээхээр өөр аргагүйд хүрээд байсан юм. Энэ талаар мэдээлж байсан алба хаагчдын байр суурийг одоо сийрүүлье.
Сангийн сайд Б.Жавхлан
Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа. Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй байдал бий болж байна. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол энэ асуудлаар дахин ярилцана.
Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
2020 оны гуравдугаар сард Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Түүнээс хойш Цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор тус шийдвэрийн хэрэгжих хугацаа дахин сунгагдаж, ирэх оныг хүртэл зээлийн эргэн төлөлтийг сунгасан. Ингэхдээ нэг зохицуулалтыг орхигдуулсан. Иргэд мөнгөө төлөхгүй байж болох ч ипотекийн зээлийн санхүүжүүлэгчид буюу бонд эзэмшигчид мөнгөө авах ёстой. Тэгэхээр иргэд авсан зээлээ төлөхгүй болчихоод бонд эзэмшигчдэд хаанаас мөнгө гаргаж өгөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс МИК хуримтлагдсан байсан нөөц сангаасаа зээлээ хойшлуулсан иргэдийн өмнөөс бонд эзэмшигчдэд хүүгийн төлбөр өгсөн. Энэ мөнгө нь 400 гаруй тэрбум төгрөг болсон. Гэхдээ үүний тодорхой хэрэг нь бэлэн мөнгөөр, зарим хэсэг нь ирээдүйд төлөх нөхцөлтэйгөөр өр, авлага үүсгэсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулахаар бол энэ асуудлыг дахин харах шаардлагатай. Түүнчлэн зээл хойшлуулснаар хамгийн их хохирол амсах субект нь шинээр зээл авах хүсэлтэй иргэн. Түүнчлэн шинэ барилга босгосон барилгын компаниуд ч хохирно. Учир нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах юм бол 6 хувийн зээлийн эх үүсвэр байхгүй болно. Зээл авсан иргэд зээлээ төлснөөр дараагийн хүмүүсийн зээл авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Цар тахалтай холбоотойгоор зээл төлөлтийг хойшлуулсан. Энэхүү шийдвэр гарснаас хойш 31 орчим сар өнгөрөөд байна. Анх шийдвэр гарч байхад нийт зээл авсан иргэдийн 20 орчим хувь нь төлөхгүй байхаар байсан бол одоо бараг 50 хувьд хүрсэн. Ипотекийн уг хөтөлбөр эргэлтийн сангийн маягаар өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо бий болсон гэдэг утгаараа төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болж гарах боломжтой. Энэ онд ипотекийн зээл бага гарч байгаа нь төлбөр орж ирэхгүй байгаатай холбоотой. Өнөөдөр олгож буй эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк , 20 хувийг банк гаргаж байгаа. Цар тахлын хуулийн хугацаа дуусаж байгаа учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхэд бэлэн байгаа.
Ийн ямартай ч иргэд ирэх сараас авсан зээлээ төлж таарах нь. Магадгүй энэ нь ч зүй. Тэгвэл зээлийн эргэлтийг хойшлуулах шийдвэрийг цуцалснаар хэчнээн өрх зээл төлж эхлэх талаарх мэдээллийг хүргэе.
Монгол Улсад нийт 100 мянга орчим иргэн ипотекийн зээлтэй. Тэдгээрийн 60 хувь нь буюу гурван зээлдэгч тутмын хоёр нь эргэн төлөлтөө хойшлуулсан байна. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан өрхийн тоо өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдсэн байна. Анх зээлийн эргэн төлөлт хойшлуулах шийдвэр гарах үед буюу 2020 онд 38 мянган өрх зээлээ хойшлуулж байжээ. Харин одоо энэ тоо 63 мянган хүрээд буй. Тэгэхээр ирэх сараас 60 гаруй мянган өрх зээлийн эргэн төлөлтөө төлж таарах нь.