Монголын хүннү рок "The Hu" хамтлагийг өнөөдөр /2022.11.25/ ЮНЕСКО-гийн "Энхтайвны төлөөх уран бүтээлч"-ээр зарлах гэнэ. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай төв байранд болох ёслолын арга хэмжээний үеэр Монголын "The Hu" хамтлагийг "Энхтайвны төлөөх уран бүтээлч"-ээр зарлах аж.
Хамтлагийн хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын үнэт зүйлс, үйл ажиллагаатай яв цав нийцсэн бөгөөд хамтлагийн "Хүмүн" хэмээх нэрнээс үүдэлтэй "Хү" хэмээх нэр ч хүмүүнлэг оршихуйг тунхаглаж байна.
Мөн тус хамтлаг уран бүтээлээрээ байгаль дэлхийг хамгаалахыг уриалж, таниулан дэмжихийн зэрэгцээ хэлний ондоошил, ялгамжит байдлыг ч хөхиүлэн дэмждэг учир ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хамтлагийг ийнхүү уран бүтээлчээрээ нэрлэж байгаа нь тэдний өв соёлоо түгээн таниулах, уламжлан залгамжлахад оруулж буй хувь нэмрийг сайшаан батламжилж буй хэрэг юм.
Ингэснээр тус хамтлагийнхан ЮНЕСКО-гийн энэ салбарын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөөлөгч, арга хэмжээнд оролцон, олон улсад хүргэх ажээ.
Тэд энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт аравдугаар сарын 26-наас эхэлж, хуваарь нь энэ оныг дуустал гарсан байна. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.