элхийн дулааралтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэлхий нийтийн ногоон хувьсгалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд албан ёсоор нэгдсэнээс хойш жил болж байна. Энэхүү санаачилга нь дотоодод төдийгүй НҮБ, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж, талархал дэмжлэгийг аваад буй.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй мөн ижил санаачилгыг Францын Ерөнхийлөгч Эммаунэль Макрон гаргажээ. Тэрбээр нэг тэрбум мод тарина хэмээн амлаж, "Энэ бол хэрэгжиж болох зорилт" хэмээн мэдэгдсэн байна.
Тодруулбал, Франц улс биологийн олон янз байдлыг хадгалж, нүүрстөрөгчийг улам ихээр шингээхийн тулд нэг тэрбум мод буюу ойн сангийнхаа 10 хувьтай тэнцэх мод тарина гэж тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2030 он хүртэлх ойн шинэ стратегиа зарлалаа.
Францад энэ зун ойн түймрийн улмаас 72 мянган га талбай сүйдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт болжээ. Э.Макрон Елисейн ордонд хэлсэн үгэндээ, энэ зун олон мянган га талбайд дэгдсэн ойн түймрийг унтраахад гар бие оролцсон гал сөнөөгч, ой хамгаалагч, албаны хүмүүст талархал илэрхийлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, гал түймэртэй тэмцэх, аврах албадад жил бүр 150 сая евро олгохоор төсөвт суулгана. Мөн одоогоор 12 байгаа “Canadair” нисэх онгоцыг 2027 он гэхэд 16 болгохын тулд 250 сая евро зарцуулна гэж мэдэгджээ.
Европт энэ зун ердийнхөөс хэт халан зарим газарт температур цельсийн 40 хэмээс дээш түвшинд хүрч, олон томоохон түймэр дэгдсэн юм.