Анх энэхүү тэмцээнийг 2019 онд Налайх дүүрэгт зохион байгуулсан. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тэмцээнийг энэ сарын 4-нд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн 300 хүүхдийн дунд дахин зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс "Анх энэ тэмцээнийг яагаад зохиох болсон бэ гэхээр хүүхдээр дамжуулан үе тэнгийнхэн болон ар гэрийнхнийг нь эрүүл ахуйн боловсролд сургах, ирээдүйн архаг хууч өвчингүй үеийг бий болгохыг зорьсон.
Шүд унадаг, эргээд ургадаг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Тийм учраас шүд нь өвдсөн тохиолдолд эмчлүүлдэггүй. Гэтэл шүд маш олон халдвар дамжуулж байдаг. Үүнээс хамгаалах хамгийн амархан арга бол шүд угаалтын тэмцээн юм байна гэж бодож энэ уралдааныг эхлүүлсэн.
Хүүхдээр дамжуулан гэр бүлийг давхар зөв дадалд сургаж байна. Аав ээжийгээ та шүдээ угаа гэх шаардлага тавих зэргээр жишиг тогтсон. Тийм учраас үүнийг нутагшуулах, зөвхөн оо, сойзоор амны хөндийгөө ариутгаад цэвэрлээд яваасай гэж хүсэж байна. Хүн 60 настайдаа 20 шүдтэй байхын тулд хүүхэд наснаас нь эхлээд шүдийг хамгаалах хэрэгтэй.
Энэ сарын 4-нд Налайх дүүрэгт 30 багийн 240 хүүхэд оролцсон тэмцээн болно. Үүнээс 1,2,3 дугаар байр эзлүүлнэ. Мөн багаа сайн бүрдүүлсэн багш болон сургуулийн эмч нарыг шалгаруулна" гэж ярив.
Мөн шүдээ ломбодуулаад байгаа ч цоороод байна гэж хүмүүс их ярьдаг. Хүүхдийн сүүн шүд унаж байнгын шүд ургах үед зөв дадал суулгаж өгснөөр шүдний цоорол үүсэхээс сэргийлэх боломжтой гэдгийг онцоллоо.