Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амжиж даатгуулаарай жолооч нар аа!!!

Албан журмын даатгалын хууль энэ жилээс мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын даатгал гэсэн үг. Монгол Улсын иргэний зайлшгүй даатгуулах ёстой анхны даатгалын хууль. Хуульд заасанчлан ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн албан журмын даатгалдаа хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Хэрвээ зөрчвөл авто машинаа журмын хашаанд хүлээлгэн өгч, даатгалдаа хамрагдтал нь буцаан өгөхгүй. Эсвэл 140 мянга 400 төгрөгөөр давхар торгуульна гэсэн үг. Энэхүү хуулийг санаачлах болсон шалтгаан нь авто тээврийн ослоор хохирсон иргэдэд нөхөн төлбөрийг нь цаг хугацаа алдалгүй олгох зорилготой. Нэгэн баримт дурдахад, 2011 онд зам тээврийн ослоор 362 хүн амиа алдаж. Харин 1093 хүн гэмтэж 4,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Зам тээврийн ослоос үүссэн хохирлыг тэр дор нь төлөх чадвартай хүн хэд билээ. Мэдээж, олонхи нь хохирлоо барагдуулах гэж цаг хугацаа алддаг. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд уг хуулийг санаачлан, хэрэгжүүлж байгаа аж.
Хуулийн бас нэгэн давуу тал нь таны даатгуулсан компани дампуурсан эсвэл та даатгуулж амжаагүй байсан тохиолдолд хохирогчийн төлбөр, зардлыг “Даатгалын сан”-гаас төлөхөөр тусгасан. Гэхдээ сангаас гарсан төлбөрийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх бөгөөд мөн л торгох арга хэмжээ авна. Харин хуулийн энэ заалт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийг бүрдүүлэх ажил хийх юм. Харин тээврийн хэрэгслээ даатгуулах суурь хураамжийн дундаж үнэ нь суудлын тэрэг 33 мянган төгрөг, ачааны машин 42 мянга, автобус 53 мянган төгрөг. Дундаж хэмээн онцолж буйгийн учир нь хуулиар “итгэлцүүрийн коэффицент” гэж зүйл үйлчилж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр, та чухам ямар маркийн машин унадаг болон хөдөө, хотын замын хөдөлгөөнд оролцох эсэхээс хамаарч суурь хураамж нь ихэсч, багасах аж.  Ачааны машин гэхэд л том, жижиг оврын бүр уул уурхайн хүнд даацын гэдгээрээ ялгавартай байх юм. Үүнээс гадна хэр их осол аваар гаргаж байна вэ гэдгээс шалтгаалан дараа, дараагийн даатгалдаа төлөх хураамж тань нэмэгдэж эсвэл буурах гэнэ.
Монгол Улсад нийт 480 гаруй мянган машин байдаг. Одоогийн байдлаар нийт машины 53 орчим хувь нь л даатгалд хамрагдаад байна. Тиймээс даатгуулаагүй жолооч нартаа дахин сануулж хэлэхэд долоохон хоног үлдэж байна. Амжиж даатгуулахгүй бол бараг сарын цалингаараа торгуулах болох нь.

С.ПИОНЕР: Өөрийн буруугаас үүссэн хохирлыг даатгал төлөхгүй

Албан журмаар даатгагчдын холбооны Шуурхай албаны дарга С.Пионероос дараахь мэдээллийг авлаа.

-Энэ хууль хэзээ батлагдсан юм. Ямар давуу тал, ач холбогдолтой юм бэ?
-Албан журмын даатгалын хууль гэдэг нь бидний яриад байгаа жолоочийн хариуцлагын даатгал юм. Энэ хууль 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр батлагдсан. Ер нь, даатгал сайн дурын хэлбэртэй байдаг. Гэтэл жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгодог нь учиртай. Яг ийм хууль АНУ-д 1924 онд, Германд 1937 онд, Өмнөд Солонгос 1963 онд баталж байсан. Зам тээврийн ослоос үүссэн хохирлыг гэм буруутай хүн тэр дор нь нөхөн төлж чадахгүй байх тохиолдол маш их. Энэ хууль нь хохирогчдын нөхөн төлбөрийг цаг алдалгүй төлж байгаагаараа ач холбогдолтой. Гэхдээ буруутай этгээдийн хохирол энэ даатгалд хамаарахгүй. Харин өөрийн буруугаас үүссэн хохирлыг сайн дураараа даатгуулж болно.
-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд даатгалын компаниудад ямар нэгэн шалгуур тавьж байгаа юу?
-Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй компани бий. Тэднээс 15 компанид Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгал явуулах эрх олгосон. Шалгуурын хувьд санхүүгийн чадвартай, туршлагатай, давхар даатгуулсан гэх зэрэг олон үзүүлэлт нь харсан. Даатгуулагч өөрийн хүссэн компаниа сонгох эрхтэй.
-Даатгуулж амжаагүй жолооч нарт ямар арга хэмжээ тооцох бол?
-Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хүмүүс даатгуулаад, хохирлоо барагдуулаад явж байна. Харин аравдугаар сарын 1-нээс даатгалд хамрагдаагүй жолоочийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Энэ хугацаанд хамрагдаагүй байж хөдөлгөөнд оролцвол машиныг нь журмын хашаанд хийнэ. Журмын хашаанд байх хугацаанд даатгуулахыг шаардана, бас торгох арга хэмжээ авна. Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна гэж зааж өгсөн. Тэгэхээр нэг удаа 140 мянга 400 төгрөгөөр торгоно.
-Хэрвээ машин жолоодох хүн олон байвал даатгалын хураамжид өөрчлөлт орох уу?
-Манайд нэг ийм зүйл бий. Нэг хүний машиныг гэр бүлийн хүн, хүүхдүүд, дүү нар нь жолооддог. Тэгэхээр даатгалын гэрээ хийхдээ тухайн машиныг жолоодох хүмүүсийн нэрийг бичүүлж тэмдэглүүлэх ёстой. Нэр нь бичигдсэн хүмүүс осол гаргавал нөхөн төлбөр олгоно. Гэхдээ төлбөр нь нэмэгдэхгүй. Нэг зүйл нэмж хэлэхэд, жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгуулах албагүй. Тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нөхцөлд л даатгуулна. Хэрвээ хувь хүн тухайн жилд машин жолоодохгүй гэвэл өнжиж болно. Үүнээс гадна даатгалын хугацааг хуульд нэг сараас нэг жил хүртэл гэж заасан. Энэ нь та гурван сараас илүү хугацаагаар машин унах шаардлагагүй бол гурван сарынхаа даатгалын хураамжийг төлөөд даатгуулж болно.
-Тэгэхээр найзынхаа ч юм уу, тухайн машины даатгалд нэрээ бичүүлээгүй хүн машин барьж яваад осолд орвол төлбөр өгөхгүй гэсэн үг үү?
-Өгөхгүй. Даатгуулаагүй гэдэгт л орно.
-Ямар нэгэн шаардлагаар найз, нөхдийнхөө машиныг жолоодож болохгүй нь ээ?
-Болохгүй л гэсэн үг.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан