"Мөнх тэнгэрийн хүчин дор" Монголын уран сайхны түүхэн кино бүтээгдсэний 30 жилийн ойд зориулан Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Мөнх тэнгэр" хөгжмийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.
Тус киноны хөгжмийг Монголын Үндэсний радиогийн их танхимд Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлага дор Улсын филармонийн симфони найрал, морин хуурчид, шуудрагчид, уртын дуучид, найрал дуучид, "Хөх тэнгэр" хамтлаг хамтран бичүүлсэн бөгөөд Япон Улсын дуу бичлэгийн мэргэжилтнүүд бичлэг хийж, Токиогийн хөгжмийн студид дууны тохируулгыг хийжээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийн зарим хэсгийг Үндэсний их найрал хөгжим, Морин хуурын чуулга хөгжимдөж олны хүртээл болгодог. Тэгвэл энэ удаа Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга анх удаа бүрэн эхээр нь хөгжимдөх юм. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан тоглуулна.
Энэ тоглолтын үеэр мөн "Тэнгэрийн хүлэг" хөгжимт туульсыг толилуулна. Энэхүү хөгжмөн туульст эрдэнэт хүлэг тэнгэрээс бууж хүнтэй ижилсэн эр цэргийн унаа болж, дайнд оролцож, эзнээ шархадсан үeд эмээл дээрээ бөгтрүүлэн эх нутагт нь авчирч, хайртай бүхэнтэй нь уулзуулж, аз жаргалтай амьдралд золгуулж байгааг хөгжмөөр дүрслэн өгүүлсэн байна.
2018 онд Өвөрмонголын Хөх хотноо 140x50 м тайз бүхий ордонд 150 орчим морьтны морин циркийн үзүүлбэрт зориулсан хөгжмийг Морин хуурын чуулга, Бээжингийн симфони найрал хөгжим бичлэг хийж тоглосон байна. Энэ удаа "Анир" поп оркeстр, Морин хуурын чуулгын хөгжимчид, найрал дуучид, гоцлол дуучид, "Увeртюра" хамтлаг хамтран анх удаа тоглох гэж байна. “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч Б.Алтанхуяг удирдан тоглуулна.