Азийн хэд хэдэн орноор аялсан багагүй туршлагатай манайхан энэ удаа “Тэнгэр трэйвл” компанийн аяллыг сонгож Өмнөд хөршийн нийслэлийг зорив.
Замын ачаалал ид үеэр явах болохоор түгжрэлийг тооцоолж эрт гарсан нь оножээ. Манайхныг вокзал дээр очиход товлосон газраа аялагчид хэдийнээ цугларчээ. Биднийг тосч Tenger travel гэсэн туг барьсан Ч.Оюунгэрэл хөтөч маань уриалгахан угтсанаар аялал эхэллээ.
Аялагчид купендээ тухалж, галт тэрэг ч хөдлөв. Ганзагачид ачаа бараа энэ тэр гэж хэсэг түжигнэлдэж байгаад өрөө өрөөндөө ороод унтаад өгцгөөв үү удалгүй нам жим ноёлов. Харин манай тав л хэвлэлийнхний орой болтол ажилладаг зангаа тавилгүй хөзөр тоглож хөөрөлдсөөр сар дээр гарахад сая л нэг юм хажууллаа.
“Босоорой Замын-Үүдэд ирж байна шүү” гэх шингэн дуунаар бид ч сэрж, хувийн бэлтгэлээ базааж эхлэв. Аяллын эхний өдөр ингэж говийн нарнаар сэрлээ. Намрын сэрүүн унаад ч тэр үү их говь халуунаар угтсангүй. Галт тэрэгнээс бууж аяллын багийнхантайгаа нэгдэн чемодан саваа түжигнүүлсээр хилээр гаргах автобус руугаа явлаа. Чемодан сав гэснээс, хотын хэд л ингэж өөртөө түвэг удсан аж. Учир нь аяллын баг 30 хүнтэйгээс Ховд, Завхан аймгаас 21 хүн иржээ. Холын тэд гар цүнхнээс өөр түүртэх юмгүй. Арав гаруй жилийн өмнө энэ хилээр нэвтэрч байсан ч өдрөөс өдөрт өнгө засах тус улсыг дотроо тэр л үеэр нь төсөөлнө. Манайхан ч өөр өөрийнхөөрөө төсөөлж явсан нь лавтай. Гэхдээ бидний дунд ойрмогхон “Эрээнэнград” явсан хүн алга.
Замын-Үүд боомтын хувьд зам дагаад ганц хоёр барилга нэмэгдсэнийг эс тооцвол шороо бужигнасан хуучин төрхөө халаагүй л байна. Харин Эрээн ямар болсон бол... Борооны усанд идэгдэж энд тэндээсээ халцарч унасан шавар тагз, гудамж талбай, тэр бүү хэл дэн буудлынх нь үүдээр халтирчих шахам явдаг угаадас цацсан шавхайтай зам одоо хэр нь байгаа болов уу. Хил гараад автобуснаас буумагц л тасдчих шахам “Манай буудалд буу” гээд л тал талаас бүчих өвөрлөгчид хийгээд хятадууд өнөөх зангаа тавиагүй л байгаа даа. Би лав арван хэдэн жилийн өмнө энд ирэхдээ гудамжинд нь ч, дэлгүүрт нь... хаа явсан газраа сэжиг төрж байсан төсөөллөөрөө л яваа нэгэн. Надтай адил бодол тээсэн хүн манайханд ч бас бий дээ. Ийн бодох зуур хил дээр ирлээ.
Хоёр улсын шалганаар нэвтрээд энэ бодлоо таягдан хаяхаас аргагүйд хүрсэн юм. Юу гэхээр Хятадын гаалиар нэвтэрмэгц л зассан талбай, ногоон байгууламж, засмал зам гээд хэдэн жилийн өмнөхтэй харьцууламгүй өөрчлөлт угтав. Төв талбайнх нь хажуугаар гарч буудлын зүг явахдаа “Улаанбаатар хот ядахдаа замаа ийм болгочихоосой” гэж манайхан ам булаалдан ярина. Төвөөрөө хог гэх ч юм алга. Урьд нь тамхиныхаа цогийг нүүрэн дээр дарчих шахам шүлс үсчүүлэн чичилдэг байсан мөнгө хүүлэгчид өнөөдөр зээл, гудамж талбайдаа тамхи татахаа байжээ. Өндөр торгуультай болсон гэж хөтөч маань анхааруулав. Бид ч Ц.Оюунгэрэл хөтчийн үгээс зөрөлгүй ёсыг дагахаар болцгоов. Нэг их өндөр барилга байхгүй ч хот төлөвлөлт нь их л зөв санагдаж битүүхэндээ атаархсаныг нуух юун.
Эрээн хот нь ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт Замын-Үүд бомтоос есөн км-ийн зайд орших бөгөөд хоёр орны авто болоод төмөр замын хилэлдэг хамгийн том боомт хот. Тус хот өдгөө 27 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 100 мянган хүн амтай болжээ. 1956 оны нэгдүгээр сард Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын төмөр зам тавигдсанаар Эрээн хот байгуулагдсан түүхтэй. Эрээн гэж нэрийдсэний учир нь Эрээн гэх давст нуурын нэр ажээ. Нуур нь Эрээн хотоос зүүн хойш есөн км зайтай байдаг гэнэ. Эрээн нуурын урт нь дөрвөн км, өргөн нь гурван км бөгөөд 1984 онд уг нуурыг түшиглэн давсны үйлдвэр байгуулжээ. Түүнчлэн Эрээн хот бол дэлхийд "Аварга гүрвэл"-ийн нутаг гэдгээрээ алдартай. Дэлхийн улаан номд хамгийн эртнийх хэмээн тэмдэглэгдсэн чулуужсан Аварга гүрвэлийг эндээс олж нээсэн гэдэг. Энэхүү чулуужсан Аварга гүрвэл нь эрдэмтдийн дунд шуугиан дэгдээж Америкийн "Эрин үе" сэтгүүл 2007 оны байгалийн шинжлэх ухааны 10 том нээлтийн нэгээр тодруулснаар Гиннесийн номд бүртгэгджээ.
Тус хотод Сы Чуань, Гуан дүн, Ху Нань зэрэг орон нутгийн онцлог бүхий хоолны газар байхаас гадна Монгол хоолны газар олонтой. Боодог, халуун тогоо, сүүтэй цай, айраг цэгээ гээд монголчуудын таалдаг хоол ч энд элбэг бий. Мөн худалдааны том жижиг арваад дэлгүүр, тэр дундаа манай улсын их дэлгүүр шиг гурван ч дэлгүүр баригджээ. Хэдхэн жилийн өмнө навсархай наарнаас өөр юмгүй дэн буудлаар үйлчилдэг байсан эл хот одоо өндөр зэрэглэлийн 11 зочид буудалтай болтлоо өргөжсөн гэхээр цаг хугацаа бус хөлс хүч юунд хүргэдгийг харуулна. Ингэж Эрээн боомт жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр зах зээл хөгжсөн орчин үеийн том хот болон сүндэрлэж хөрш биднээсээ хөгжлөөр тасарсаар байна.
Аяллын багийнхан маань замын тоосноосоо салж Эрээн хоттой танилцаж, нэгэн өдрийг үдээд "Нөхөрлөл", "Хайр"-ын бэлгэ тэмдэг гэх аварга гүрвэлийн дүрс бүхий Эрээн хотын хаалгаар гарч өмнөд хөршийн нийслэл рүү хөдөллөө. Бээжин хүртэл хурдны замаар давхих ба үзэж харах юм ихтэй. Хятадын Засгийн газар дэд бүтэцдээ анхаарч 1,9 сая км зам барьснаас 45 чиглэлд хурдны замтай болжээ. Бээжингээс Түвд хүртэл 4000 км хурдны замаар нүд ирмэх зуурт л давхидаг гэж хөтөч маань ярив. Ер нь сүүлийн үед дэд бүтэцдээ ихээхэн анхаарч байгаа нь нүднээ илт. Зам дагуу эрчим хүч үйлдвэрлэгч салхин сэнс хаа сайгүй тааралдана. Манайхны ярьдаг мундаг урт шалаанзан дээр сэнсний нэг гуяыг нь л ачсан яваа нь хэр том болохыг илтгэнэ. Тус улс 2020 он гэхэд 200 мянган мегаватт эрчим хүч үйлдвэрлэх салхин сэнстэй болохоор ажиллаж байна. Энэ бол дэлхийд байхгүй том тоо. Манайхаас нүүрс импортлох нь багасаад байгаа нь ч үүнтэй холбоотой. Салхин сэнсний нэг бүтэн эргэлт 64 юанийн ашигтай гэхээр өдөрт нэг сэнс хэчнээн эрчим хүч үйлдвэрлэж экологид хэдий хэр эерэг нөлөө үзүүлдэг нь хэн хүнд ойлгомжтой. Хамгийн гол нь, эдийн засгийн суурь үнээ ийн үйлдвэрлэж чадвал хөгжилд ташуур нэмэх нь дамжиггүй.
За, эдийн засаг энэ тэрээс жаахан хөндийрч аялалдаа эргээд оръё. Бээжин хүрэх замдаа Шилийн гол аймгийн Сайхан тал сум, Жань-жиа-көү хотоор дайрна. Жань-жиа-көү гэдэг нь монголчуудын “Бид мартахгүй” киногоор сайн мэдэх Жанжхүүгийн давааны наана 10 км-т байх хот юм. Жанжхүүгийн даваанд болсон байлдаанаас Л.Аюуш, С.Дампил, Т.Дүүдэй гээд гурван баатар төрснийг дунд сургуулийн түүх үзсэн хэн боловч мэдэх буй за. Аяллын бас нэг түүхт хэсэг яах аргагүй энэ гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. 1945 оны наймдугаар сарын гурван өдөр ширүүн тулаан үргэлжилсэн эл давааг манайхан чимээгүйхэн өгслөө. Мэдээж хэрэг ундуй сундуй болсон дайны ул мөр байгаа ч өдгөө мод тарьж, хөшөө дурсгалаар чимэглэжээ. Уулын зарим хэсгийг нүхэн гарцтай болгосноор өнөөдөр тээврийн хэрэгсэл төвөггүй давах нөхцөл бүрдсэн байна. Үүгээр яваа хэн бүхэнд загастайн, тарвагатайн гээд л эрийн шийр заадаг олон даваагаа засахгүй бол осол эндэгдэл зогсохгүй нь дээ гэж бодоход хүрнэ. Тэртээ зуу зуун жилийн өмнө өвөг дээдсийн маань жин тээж Бээжин хүрэх аянд хамгийн хүнд зам нь байсан Жанжхүүг туулсандаа манайхан баяртай. Гэхдээ нэг ялгаа нь хэдэн өдөр туулдаг байсан бэрх замд хэдхэн минут зарцуулснаараа ялгаа их бий. Өдгөө Жанжхүүгийн даваа алхам тутамдаа машины дугуй барьцалдуулан хурд сааруулагч, аваарын зогсоол, дугуй нь халсан үед туулж хөргөх усан гарам гээд хүний амь насыг дээдэлсэн бүтээн байгуулалт бий болсныг аялагчид ам нэгтэй шагшина. Энэ даваа удахгүй битүү ой болох байх. Зарим нь овоо ургасан, зарим нэг нь дөнгөж суулгасан гээд бараг завсар зай үлдээлгүй мод тарьсан харагдана билээ.
Даваанд тарьсан мод гэснээс, хятадууд сүүлийн жилүүдэд асар их мод тарьж байна. Эрээнээс гараад хурдны замаар 100 гаруй км давхин Сайхан тал сум хүртэлх замын хажуугаар олон эгнээ мод тасралтгүй үргэлжилнэ. 100 гаруй км ой тарьж байна гэхээр үнэхээр хөлс үнэртэж байна. Малчин айлууд ч өвөлжөөгөө тойруулаад багахан ойтой болсон харагдана билээ. Гэхдээ үүнд учир байсныг сүүлд олж мэдсэн юм. Юу гэхээр засгаас нь зөв бодлого явуулж орон нутгийн иргэдийг ойжуулах хөдөлгөөнд идэвхтэй оролцуулжээ. Мань хүмүүс хүүхдэд нь, малынх нь төлд мөнгө өгөхийг хүлээх биш тарьсан мод болгоноо арчлаад байвал жил бүр урамшуулал хүртдэг байхаар бодлого явуулаадхаж. Орон нутгийн иргэд ч ажилтай болж, мод тариад л байвал цалин нь нэмэгдээд л.
Замд таарах хамгийн эхний суурин Сайхан тал сум. Энэ сумынхан хонь ихтэйгээс гадна махны чиглэлийн үхэр, хүнсний ногооны тариалалт гээд хөдөө аж ажуйн бүхий л чиглэлээр хөгжжээ. Яг л манайхтай адил бэлчээрийн маллагаатай хонь үржүүлнэ. Түүнээс гадна өдөрт дунджаар 40 литр сүү гаргадаг хар тарлан үүлдрийн үхрийн фермтэй нөхөрлөл цөөнгүй бий болжээ. Сүүний чиглэлийн 108 мянган үнээтэй хоёр ч том сүүний үйлдвэр Өвөрмонголд үйл ажиллагаа явуулж Хятадын сүүн бүтээгдэхүүний багагүй хувийг хангадаг байна. Дурьдаад байгаа энэ газар нутаг Хятадын Хэбэй мужид багтана. Тус муж нүүрс, жонш олборлолтоороо ч Хятаддаа дээгүүрт орно. Ер нь л Хятад орон урагшилж бид суусаар хоцорч байна уу гэлтэй.
Ийн явсаар Хятадад байтугай дэлхийд алдартай 1782 км үргэлжлэх татмал гол, 3654 метр нүхэн гарц, Түмэн газрын цагаан хэрэм гээд олон газар оронтой танилцан өнгөрнө.
Бээжин рүү ороход манайхаар бол 22-ын товчоонд саатаж зогсов. Манай жолооч хурдны замын татвар энэ тэр бичиг баримтаа цэгцлэх зуур хэдэн зуун машин орж гарлаа. Арга ч үгүй эл товчоогоор хоногт 16 мянган машин нэвтэрдэг байсныг хожим сонссон юм. Гэхдээ Бээжин хот манай нийслэлийг бодвол 13 дахин том бас дээр нь 70 орчим сая хүн сууршин амьдарч байна гэхэд бага тоо мэт санагдаж байгаа байх. Тэгвэл үгүй ээ, Улаанбаатар шиг баруун зүүн гэсэн хоёрхон товчоогүй, тал талаасаа аалзны тор шиг бүчсэн олон товчоо бий. Тэр болгоноор бидний нэвтэрсэн шиг үй түмэн машин хөлхөж байна гэхээр ямар их хөлтэй болох нь төсөөлөгдөх буй за. Нийслэл рүү нэвтэрч байгаа автомашины дийлэнх нь манай нүүрсний замд давхилдаад байдаг 100 тоннын аваргууд. Галт тэрэг шиг эгнэлдсэн ч бие биенээ гүйцэж түрүүлэн гурван эгнээ хурдны замаар давхилдана. Манайх шиг “сайн” замтай улсад бол ганц өдөрт л бүх зам нь “будаа” болж нийслэл үү, Гашуунсухайт уу ялгагдахаа байна биз. Харин тэнд бол эвдэрсэн хагарсан зам огтхон ч харагдахгүй.
Ийн явсаар Бээжинд хүрлээ. Бид хотын хойд талаас орж байгаа аж. Манай баг эхлээд шууд л 2008 оны алдарт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд зочиллоо. 15000 тонн ган төмрөөр бүтсэн уг байгууламж үнэхээр сүрдмээр байгууламж. Ямар сайндаа л манай аяллын нэг шооч эр “Манай төв цэнгэлдэх дунд сургуулийнх нь тоглоомын талбай юм байна л даа” гэж маазрахав. Үнэхээр бидэнд хоцрогдсон, дутагдсан зүйл их байна. “Шувууны үүр”, “Усан шоо” байгууламжийн хажууд зураг хөргөө татуулсан аялагчид Бээжинд байрлах буудлынхаа зүг явлаа.
Өглөө эртлэн босч Бээжингийн амьтны хүрээлэн, далайн шилэн хорго, дэлхийн парк гээд орой болтол аялав. Хаа байсан эрс тэс уур амьсгалтай манай орныхны хувьд тахийн сүрэгт өвс өгч, зааны хошуунд өргөгдөн, анааш, сармагчинтай зургаа татуулна гэдэг тэр бүр тохиохгүй ээ. Хүн амьдралынхаа цөөхөн хоногт тэр бүр үзэж чадахгүй дэлхийн гайхамшгууд болох эрх чөлөөний хөшөө, таж махал, пизаны цамхагийн дэргэд зургаа татуулж үзэх нь нэн таатай. Энэ цогцолборыг дунд сургуулийн сурагчид сэтгэж хотын удирдлагууд нь дэмжсэнээр одоо аялал жуулчлалын чамгүй “саалийн үнээ” болжээ. Манайх шиг далай тэнгисээс алслагдмал нутгийн хүмүүст усны амьтдын гайхамшигт үзүүлбэр үзэх, далайн аквариумд зочлох нь үнэхээр дурсамжтай аялал болсон байх. Тиймдээ ч “Тэнгэр трэйвл”-ийнхэндээ талархаж явлаа.
Эл нийслэлийн зочин бүрийн очдог газар бол Тянь ань мэнийн талбай. 440 мянган шоо метр энэ талбай нь сая хүн цугларч болдог дэлхийн хотууд доторхи хамгийн том өргөн чөлөө бол энэ. Манай тооллоос өмнөх 770 оноос улбаатай, Юань улс, Мин улс болон Чин улс бүгд Бээжинд төвлөрч, 34 хаан энд зарлиг тушаал буулган, бүх Хятадыг захирч байсан үнэхээр арвин түүхтэй. Мэдээж хэрэг аялагчид талбайн эргэн тойронд орших өдгөөгийн Ардын Их Хурлын Ордон, Хятадын Хувьсгалын Музей, Хятадын Түүхийн Музей, Ардын Баатруудын Хөшөө, Мао Зэ Дунгийн Дурсгалын Ордон зэрэг үндэстний онцлог бүхий орчин үеийн барилгуудын дэргэд зургаа татуулсан нь насанд нь үлдэх дурсамж болох нь дамжиггүй. Махгүй л бол хоолой давахгүй нь гэдэг монголчуудад бээжин нугасны мах харин гологдохгүй идээ юм билээ. Бид ч заншлыг дагаж энэ үдэш хүртэж үзлээ, тэд ч түүнийгээ брэнд болгож чаджээ.
Аливаа аялал зугаалга тухайн орон нутгийн худалдааны төвөөр ороогүй бол тэнд очсон гэхэд хэцүү. Тиймдээ ч аяллын багийнхан маань Бээжингийн алдарт Хонгконг, Байдун захуудад зочлон худалдаа хийж нэгэн өдрийг өнгөрөөв. Юмыг яаж мэдэх вэ гээд Бээжин аялахаар зэхэж байгаа хүмүүст дуулгахад Бээжин хотод төмөр, модон, сувдан эдлэлийн, цахилгаан барааны гэх мэт 70 гаруй бөөний зах байдаг юм байна. Харин энэ аяллаар зохион байгуулагчдын зүгээс төрөлжсөн бус бүхий л төрлийн бараатай энэ хоёр захыг сонгосон нь зөвджээ. Юу гэхээр Хонгконг захад ороод 1600 гэсэн үнийг буулгасаар байгаад 100 болгох нь энүүхэнд бол Байдун захынхан бараагаа бараг үнээр нь л хэлдэг байх жишээтэй. Ер нь эртнээс худалдаачин удамтай энэ оронд ямар ч барааг ярилцдаг гэдгийг л ойлгох хэрэгтэйг хэлэхэд илүүц биз ээ.
Алхам тутамд Монголын түүхтэй салшгүй холбоотой өмнөд нутагт хийсэн аяллын сонин сайхныг энд хүрээд цэглэе. Манай гаригийн 18 улстай хиллэж, өөртөө засах таван орон, 55 угсаатныг нэгтгэсэн Дундад улсын нийслэл Бээжин хот баяртай. Баярлалаа Тэнгэр трэйвлийнхээн.