"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Энэ үеэрээ"Би ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүйн тулд ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан ажилчдад л шаардлага тавьсан. Энэ шаардлагыг дарамт гэж дийлэнх нь үзэж байна. Миний тавьсан шаардлага бол согтуу эмчээр нярай хүүхдийг үзүүлэхгүй, архи уусан эмчийг хагалгаанд оруулахгүй тухай байсан. Би үйлдвэрчний эвлэлийн хороон даргаас ажилчдаас дөрвөн жилд хураасан 350 сая гаруй төгрөгийг юунд зарцуулснаа тайлагнахыг шаардсан. Учир нь ямар ч и-баримт байхгүй, хэнд зарцуулсан нь байхгүй байна” гэж ярьсан юм.
Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хорооны дарга Д.Өнөржаргал “2021 онд манайх 487 ажилтантай байсан. Харин өнөөдрийн байдлаар 162 ажилтан ажлаас гарсан байна. Үүнээс 52 нь ажлын дарамтаар гарсан. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр гэж өргөдлөө өгсөн хүмүүс дунд ажлын байрны дарамтаас өөр худлаа шалтгаан бичиж, гарсан гэх хүн ч олон бий. Манай эмнэлгийн боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотойгоор хүний нөөцөд ажиллаж байсан ажилчид маань ч дарамтын улмаас гарсан. Оронд нь ирсэн хүмүүс ажлаа мэдэхгүй тул ажилчдын амралт олгох тушаалыг гаргадаггүй. Үүний улмаас эмч, ажилчид цалингаа авч чаддаггүй нөхцөл өнгөрсөн саруудад үүссэн. Цалингаа авч чадахгүй байгаа ажилтанд Ерөнхий нягтлан нь “Надаас зээлж болно” гэж хүртэл хэлж байгаа юм. Байгууллагад ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна.Мөн өөрийнхөө хүсэлтээр гарсан ажилчид ажлаас гарсан хойноо тодорхой хугацаанд тэтгэмж авдаг. Гэтэл тухайн хугацаанд нь тодорхойлолтыг нь гаргаж өгөөгүйн улмаас ажлаас гарсан ч маш олон хүн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.Өнөөдөр манай эмнэлэг нэг ч ЭХО-ны эмчгүй, нарийн мэргэжлийн ганцхан дотрын эмчтэй ажиллаж байна. Тэр эмч нь үнэхээр ядартлаа ачаалалтай ажиллаж байгаа. Өмнө нь 4-5 ЭХО-ны эмч байсныг дарамталсаар байгаад гаргачихсан” гэж ярилаа.