ЭМДҮЗ-ийн нэгдүгээр тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх, 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1172, хос эрхтэнд буюу 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлжээ. Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.
Болор солих мэс засалд ашиглах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552.000 – 1.320.000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883.200-2.112.000 төгрөгөөр санхүүжүүлж байна. Төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардалд эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед багтаж байна. Түүнчлэн мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтаж байгаа юм.