Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сумъяа: 10-20 сая хүнийг вакцинжуулахад 20-30 тохиолдолд цусны бүлэн үүссэн байна

"Коронавирусийн халдвар цус өтгөрүүлж, цусны бүлэгнэл үүсгэж байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ. Иймд цус ямар тохиолдолд өтгөрдөг, цусны бүлэнгээс буюу тромбоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар АШУҮИС-ийн харъяа Монгол Япон эмнэлгийн зүрх судлалын эмч, багш, Анагаах ухааны доктор Ц.Сумъяатай ярилцлаа. Twitter Dr. Sumiya (twitter.com/sumiyamgl)

-Коронавирус цус өтгөрүүлж, бүлэн үүсгэж байна гэдэг. Энэ үндэслэлтэй мэдээлэл үү? Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлэхгүй юу?
-Аливаа вирусийн эд, эс чиглэх онцлог, эс эмгэгшүүлэх шинж чанар харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн вирус хүний биед халдварлаж ороод хаа хамаагүй эд, эс гэмтээгээд байдаггүй. Тухайлбал, ханиад томуугийн вирус уушгины агаар дамжуулах хэсэг буюу амьсгалын замын эстэй холбогддог. Улмаар амьсгалын замын эсийг эмгэгшүүлж, гуурсан хоолойн үрэвсэл үүсгэдэг. Харин цулцангийн эс рүү орж уушгины хатгалгаа үүсгэхгүй хүндэрсэн нөхцөлд хоёрдогчоор хатгалгаа үүсдэг. Эд эс чиглэх онцлог гэдэг нь тухайн вирус эзэн эсийн хүлээн авагчтай холбогдож уг эс рүү орж эсийг гэмтээж эхэлдэг гэсэн үг.

Коронавирусийн халдвар эмгэг жамын урвалаар шууд цусны бүлэн буюу тромбо үүсгэдэг.

Гэтэл коронавирус бол маш онцгүй вирус. Яагаад гэвэл энэ вирусийн эд эс чиглэх онцлог бол ангиотензин хувиргагч энзим хэмээх өвөрмөц уурагтай холбогдож эзэн эс рүү ордог.

Хамгийн чухал зүйл нь энэ холбогдох уураг нь уушгины цулцангийн эсийн гадаргууд илрэхээс гадна судасны ханын доторх давхарга болон зүрхний дотор давхаргын эс болох эндотель эсийн гадаргууд агуулагдаж байдаг. Судасны эндотель эс бол бүх эд эрхтэнд очих судасны дотор талыг хучдаг.

Ийм учраас коронавирусийн эд эс чиглэх онцлог бол зөвхөн уушгины цулцангийн эстэй холбогдож хатгалгаа үүсгэхээс гадна цусанд ороод судас, зүрхний эндотель эсэд нэвтэрч гэмтээдэг. Судасны дотор ханын эс эндотель эс үрэвсэж гэмтэхээс гадна цусны бүлэгнэлтийг идэвхжүүлнэ. Зүрхний доторх ханын эсийг гэмтээж зүрхний үрэвсэл, улмаар зүрхний хэм алдагдал үүсгэдэг.

Коронавирусийн гадаргууд агуулагдах титэм уураг нь уушгины цулцан, судас болон зүрхний эндотель эсийн ангиотензин хувиргагч энзим хэмээх өвөрмөц уурагтай холбогдож тухайн эсийг гэмтээдэг онцлогтой. Ийм болохоор амьсгалын дутагдал үүсгэхээс гадна зүрх, тархи, судасны хүндрэл, тромбо эмболийн хүндрэл зэрэг амь насанд аюултай хүндрэл үүсгээд байгаа юм. Иймд коронавирусийн халдвар эмгэг жамын урвалаар шууд цусны бүлэн буюу тромбо үүсгэдэг.

-Коронавирус бүлэн үүсгэдэг юм байна. Тэгвэл цусны өтгөрөлтөд юу нөлөөлдөг вэ?
-Цусны өтгөрөлт бол цусны бүлэн биш. Энэ тусдаа ойлголт. Цусны өтгөрөлт бол цусны шингэн хэсэг багасаж, цусны эс, уураг, дүрс элементүүд ихсэхээр физикийн хувьд цус зуурамтгай, концентраци ихтэй болдог. Үүнийг бид цусны өтгөрөлт буюу цус өтгөрдөг гэж ойлгодог болов уу. Яах вэ, монгол хүнд хэдэн хэдэн хүчин зүйлээс улбаалж цусны өтгөрөлт түгээмэл тохиолддог байж болох юм.

Нэгдүгээрт, Монгол орон бол далайн түвшнээс дээш 1500 метр орчим өргөгдсөн, уур амьсгал эрс тэс болохоор амьд организм биеийн шингэн хэсэг буюу усаа гадагш алдах магадлал их. Цусны шингэн хэсэг багасахаар цусны өтгөрөлт ихсэж болох юм.

Хоёрдугаарт, Монгол хүн энэ эрс тэс уур амьсгал, биеийн хүчний ачаалалтай ажил хийх нүүдэлчин соёлтой болохоор хоол хүнсэндээ илчлэг ихээр агуулах уураг, өөх тосоор баялаг малынхаа махыг ихээр хэрэглэдэг. Энэ өөх тос, уургаар баялаг хоол идэхэд хоол боловсруулах эрхтнүүдийн тусламжтайгаар цусанд шимэгдэнэ. Цусанд шимэгдсэн уураг, өөх тос зэрэг өндөр молекулт нэгдэл ихсэхээр цус зуурамтгай болж өтгөрнө.

Шингэн зүйл сайн ууж, өдөр бүр өөх тос, уурагтай хоол идэхээ багасгаснаар цус шингэрнэ.

Гуравдугаарт, аливаа халдварын нөлөөгөөр үрэвсэл үүсэхэд дархлааны эс дайчлагдаж цусанд ихээр орж, эсрэг бие хэмээх дархлааны уураг цусанд ихээр бий болно.

Мөн үрэвслийн нөлөөгөөр халуурах, хөлрөх үед хүн биеийнхээ шингэн хэсгийг ихээр алддаг. Тэгэхээр зөвхөн коронавирусийн халдварын үед цус өтгөрөх бус ханиад томуугийн вирус, бактерийн халдварын үед энэ эмгэг жамаар цус өтгөрч болно.

Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр цусны шингэн хэсэг багасаж, цусны эс, уураг, дүрст элементүүд ихсэхээр цус физикийн хувьд өтгөн зуурамтгай болж эхэлнэ. Үүнийг бид цусны өтгөрөлт гэж ойлгож болно. Харин аспирин ууснаар цусны өтгөрөлт багасаж шингэрэхгүй, харин шингэн зүйл сайн уух, өдөр бүр өөх тос, уурагтай хоол идэхээ багасгах, халдвар үрэвслээс сэргийлж бодисын солилцоо эрчимжвэл цус физикийн хувьд шингэрнэ. Аспирин бол цусны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх эм болохоос цусны өтгөрөлтийг багасгаж шингэрүүлдэггүй гэсэн үг.

 

-Мөн коронавирусийн вакцин цус бүлэгнүүлдэг гэх ойлголт иргэдийн дунд их байна. Энэ ямар учиртай юм бол?
-Манайхан цусны өтгөрөлтийг цусны бүлэн гэж ташаа ойлгоод байх шиг байна. Цусны бүлэн бол цус нөжрөх буюу цусны бүлэгнэлтийн гинжин урвалын нөлөөгөөр тромбо үүсэхийг хэлдэг. Энэ цусны бүлэн буюу тромбо бол вирховын гурвал хэмээн 3 хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг хүндрэл их дагуулдаг эмгэг. Нэгдүгээрт, судасны ханын гэмтэл буюу эндотелийн гэмтэл үүсгэдэг. Яагаад гэвэл хүний бие организм судас гэмтэж цус алдаж байна гэж ойлгоод бүлэгнэлтийн гинжин урвалыг нөлөөгөөр тромбо үүсэж цус тогтоох гэсэн хариу урвал юм. Бид гараа зүсэхэд цус гарч байгаад тогтдог, энэ нь судасны ханын бүрэн бүтэн байдал алдагдаж цусны бүлэгнэлтийн тогтолцоо идэвхжиж цусны бүлэн үүссэнээр тогтож буй хэрэг. Хоёрдугаарт, цусны бүлэгнэлтийн уураг идэвхэжсэнээр цусны бүлэн үүснэ.

Тухайлбал, могойн хор зэрэг гаднын хүчин зүйл буюу дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр шууд цусны бүлэгнэлтийн уургийг идэвхжүүлснээр цусны бүлэн буюу тромбо үүсдэг. Гуравдугаарт, цусны зогсонгишил бий болоход цус бүлэгнэлт идэвхжиж цусны бүлэн үүсдэг. Харин вакцины нөлөөгөөр цусны бүлэн үүсдэггүй, харин цус өтгөрч болох юм. Вакцин бол тухайн вирусийн хоруу чанаргүй бүтцийн хэсгээр дархлааны урвалыг өдөөж дархлаа тогтоож буй хэрэг. Ийм учраас дархлаа, үрэсвлийн хариу урвалын нөлөөгөөр цусанд эсрэг бие хэмээх уураг нийлэгжих зэргээр цус өтгөрч болох юм. Иймд вакцин тариулахад цус өтгөрдөг болохоос бус цусны бүлэн үүсдэггүй гэсэн үг.

Гэхдээ маш ховор тохиолдолд вакцины аутоиммуны өвөрмөц урвалаар цусны бүлэн үүссэн зүйл ажиглагдсан. Тухайлбал, Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин хүний биед цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан. Нотолгоонд суурилсан байдлаар авч үзвэл 10-20 сая хүнийг вакцинжуулахад 20-30 тохиолдолд цусны бүлэн үүссэн байна. Өөрөөр хэлбэл сая хүн амыг вакцинжуулахад маш ховор тохиолдох эмгэг урвалаар 3-5 хүнд цусны бүлэн тохиолдож болзошгүй гэсэн үг.

Вакцины нөлөөгөөр цусны бүлэн үүсэхгүй, харин цус өтгөрч болох юм.

Энэ тохиолдол бол цус хэт өтгөрснөөс болоод бүлэн үүсэх биш тодорхой вакцины нөлөөт аутоиммуны өвөрмөц эмгэг урвалаар цусны бүлэн шууд үүсч буй хэрэг юм. Энэ нь аутоиммун хэмээх дархлааны өвөрмөц эмгэг урвал учраас маш ховор тохиолддог.

Тиймд вакцинаас улбаалж цус өтгөрч, улмаар цусны бүлэн үүсдэг гэдэг нь ташаа ойлголт. Цусны өтгөрөлт бол та бид нарын тамхи татах, жирэмслэлтээс хамгаалах эм уух, халуурах, онгоцонд удаан хөдөлгөөнгүй нисэх зэрэг хүчин зүйл бол цусны бүлэн үүсгэх эрсдэлийг ихэсгэж буй юм. Тухайлбал, тамхи их татах нь цусны бүлэн үүсэх эрсдэлийг ихэсгэдэгтэй адилхан цусны бүлэнгийн эрсдэлт хүчин зүйл юм. Энэ нь тамхинд агуулагдаж байгаа хорт бодис цусанд эргэлдсэнээс болоод цусны бүлэн үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

-Цусны өтгөрөлт тэгэхээр цусны бүлэн буюу тромбо үүсэхэд юу нөлөөлдөг гэсэн үг үү?
-
Тийм ээ, цусны хэт өтгөрвөл зуурамтгай шинж чанар нэмэгдэж зогсонгишил бий болох эрсдэлтэй. Цусны зогсонгишил болоход цусны бүлэн хэлбэржих магадлал өндөр. Тухайлбал, бид малыг төхөөрөөд цусыг саванд хийгээд тавихад нөжирсөн байдаг. Иймээс бид цусны хэт их өтгөрөлт бий болохоор цусны бүлэн буюу тромбо үүсэхээс урьдчилан сэргийлж аспирин, клопидрогел зэрэг эмийг уулгадаг. Түүнээс биш цусыг өтгөрөлтийг багасгаж цусыг шингэлэхээр уулгаж буй хэрэг биш. Аспирин, клопидрогел хэмээх эм цусны бүлэн үүсэхэд оролцдог тромбоцит эс идэвхжихээс сэргийлдэг. Эдгээр эмүүдийг уухад тромбоцит эсийг идэвхгүй болгосноор цусны бүлэн үүсэх эрсдэл ихээр буурдаг. Ийм болохоор зүрх судасны эмгэгийн хоёрдогч хүндрэл буюу цусны бүлэн үүсэхээс сэргийлж бага тунтай аспириныг (75-100мг) уулгаад байгаа хэрэг. Коронавирусийн халдварын үед цусны өтгөрөлт болохоос гадна судасны эндотель эс гэмтэх аюултай учраас цусны бүлэн үүсэхээс сэргийлж аспириныг удаан хугацаагаар (3-6 сар орчим) уулгаад байгаа юм.

-Цусны бүлэгнэлтээс хэрхэн сэргийлж, цусаа яаж шингэлбэл зөв бэ? Зөвлөгөө өгөхгүй юу?
-Цусны бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх байдлаар бага тунтай аспирин (75-100мг), клопидрогел (75мг) уухыг санал болгодог. Гэхдээ зүрх судлал, дотор судлалын эмчид үзүүлсний үндсэн дээр уувал зохистой. Нээрэн, миний нэг үйлчлүүлэгч коронавирусийн халдвараар өвдсөн болохоор би аспириныг бага тунгаар удаан хугацаагаар уухыг зөвлөлөө.

Гэтэл нэг өдөр "Сумъяа эмч ээ, аспирин уугаад цус ерөөсөө шингэрэхгүй юм. Цусны шинжилгээ өгөх бүрд өтгөн хар цус дургүй аятай гарах юм. Ер нь энэ эм үйлчлэхгүй байна. Би цусаа шингэлмээр байхад та үр дүнгүй эм бичиж өгөөд байгаа юм биш биз" гэсэн. Би тайлбарласан боловч ойлгоогүй байж л дээ. Аспирин эм бол цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг болохоос цусыг шингэрүүлдэггүй юм. Цусаа шингэрүүлэх бол өөх тос, уурагтай хоолоо багасгаж, шингэн цай, усаа сайн ууж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж бодисын солилцоогоо идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ үйлчлүүлэгч гэлтгүй маш олон хүмүүс цусны өтгөрөлт, цусны бүлэнгийн талаарх ойлголт дутмаг юм шиг санагдсан.

Аспирин эм цусны бүлэн үүсэхээс сэргийлдэг болохоос цусыг шингэрүүлдэггүй юм.

Иймд, шингэн зүйл сайн уух, болж өгвөл 2-3 литрээс дээш хэмжээгээр хэрэглэнэ. Би бол ногоон цай хандлаад уухыг зөвлөдөг. Мөн хааяа 7 хоногт 1-2 удаа мацаг барьж байх хэрэгтэй. Байнга өөх, тостой хоол, мах идэхгүй нэг хоёр хоног болоход цусан дахь өндөр молекулт нэгдлүүд бага зэрэг буурна.

Харин халдвартай, үрэвсэлтэй бол эмчид үзүүлж үрэвслийн эсрэг эм уух, халдварын эсрэг эмч ууж эмчлэх хэрэгтэй. Ер нь бол цусны өтгөрөлт багасаж шингэрнэ гэдэг бол цусанд агуулагдаж дүрст элемент, өндөр молекулт нэгдэл буурч, цусны шингэн хэсгийн эзлэх хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ зүйлийг маш сайн зөв ойлгож амьдралын хэв маяг болгох хэрэгтэй байна.

-Таны хэлснээр коронавирусийн тархалт эрчимжиж эхлэх үед аспириныг самар шиг хэрэглэсэн. Гэхдээ цусыг шингэрүүлэхгүй байна гээд хэрэглэхээ больсон хүмүүс бий. Цусны бүлэн үүсвэл ямар хор уршигтай вэ?
-Ер нь Монгол орон төдийгүй дэлхийн нас баралтын ихэнх хувийг эзэлдэг, хор уршиг ихтэй эмгэг бол зүрхний цочмог шигдээс, тархины шигдээс юм. Зүрхийг тэжээх титэм судсанд цусны бүлэн үүсвэл зүрхний шигдээс, тархины судсанд үүсвэл тархины шигдээс үүснэ. Зүрхний шигдээс болоод арга хэмжээ авахгүй бол амь насанд аюул дагуулна, зүрхний дутагдал болно. Харин тархины шигдээс бол цус харвалттай адилхан тахир дутуу, саа саажилттай болно. Иймд уншигч та бүхэн эрүүл мэндийн боловсролоо сайжруулж цусаа шингэн байлгаж урт наслаарай.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан