Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмийн хөнгөлөлтийн зохицуулалтгүй шийдвэр

Есдүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ өөрчлөгдсөн. Шинэчилсэн жагсаалтын нэршилд нийт 590 төрлийн эм багтаж, 160 эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлжээ. Эмийн үнийн хөнгөлөлт эдэлж буй иргэдийн 72 хувь нь тэтгэврийн насны ахмадууд. Ахмад настнуудын өргөн хэрэглэдэг даралт, цус шингэлэх, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хөнгөлөлтийг 30 хувь болгож бууруулснаар иргэд эмээ авч чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Түүнчлэн өмнө нь зөвхөн өрх, сумын буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол одоо 4 ангиллаар жор бичдэг болсон.

Ангиллын хувьд:

  • А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
  • С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
  • D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан байна.

Дээрх зохицуулалт нь хүндрэл, чирэгдэл учруулж ганцхан эм бичүүлэхийн тулд олон шатлалын эмнэлэг, байгууллагаар явахад хүргэж байгааг иргэд хэлсэн юм.

Эмийн хөнгөлөлтийн зохицуулалтгүй шийдвэрСБД-ийн нэгдүгээр хорооны иргэн Л.Цэцэгмаа

Би сардаа 3-4 эм уудаг. Эмээ өмнө нь өрхийн эмч дээрээ очоод л бичүүлдэг байсан. Харин энэ сараас цус шингэлдэг зилт ,глобидэнк эмүүдийг өрх биш нарийн мэргэжлийн эмч дээр цаг авч бичүүлэх хэрэгтэй боллоо. Энэ нь бидэнд маш их чирэгдэл үүсгэж байгаа.Чихрийн шижинтэй хүмүүс энэ эмийг тогтмол уух хэрэгтэй байдаг. Мөн ахмадуудын уудаг даралт, зүрх судасны эмийн хөнгөлөлтийг багасгасан байна. Өмнө нь 20-30 мянгаар авдаг байсан эм одоо хөнгөлөгдөөд 66 мянга болж байна. Тэтгэвэр тэтгэмж багатай ахмадуудад сарын хэрэглээний эмээ авахад маш их хүндрэл болсон шийдвэр болж байна 

БЗД-ийн тавдугаар хорооны иргэн Н.Цэрэнжаргал

Сарын хэрэглээний эмээ авах гэхээр заавал C, D ангиллын эмч нар олгох болсон. Энэ нь өндөр настай тэтгэврийн, хүнд өвчтэй хүмүүс эмээ авч чадахгүй байдалд хүргээд байна. Энэ ангиллын эмийг улсын эмнэлгийн эмчээс цаг авах шаардлагатай болгосон байсан. Гэтэл эм бичүүлэхэд цаг авч, олон хоног хүлээгдэж байж авч байна. Хүлээх хугацаанд эм дууссан учир хэдэн хоног эмээ ууж чадаагүй. Энэ мэт маш их хүндрэл учирч байна. Миний хувьд зөвхөн даралтаас гадна бамбай, зүрх судасны эм давхар хэрэглэдэг. Гэвч эдгээр эмээ олон шатлалаар явж байж авч байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох эмийн нэр төрлийг сонгохдоо Монгол Улсын хүн амын дунд нийтлэг тохиолддог, хөнгөлөх зайлшгүй шаардлагатай эмүүдийг түүвэрлэн сонгодог аж. Тодруулбал, ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлээр 590 нэр төрлийн эм багтсан бөгөөд ерөнхий нэршлийн 11, худалдааны нэршлээр 54 нэр төрлийн эм нэмэгдэж багтжээ. Мөн нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөхөөр тусгасан.
 Бид хөнгөлөлттэй эмийн үнэ, зарим зохицуулалтын талаар ЭМДЕГ-ын бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгээс тодруулав.

Эмийн хөнгөлөлтийн зохицуулалтгүй шийдвэрТэрээр” Эмийн үнийн дээд хязгаарыг эмийн зах зээл дээрх үнийг баримтлах, манай улсад импортоор орж ирсэн эмийн үнийн мэдээлэл зэрэгт тооцоолол хийж эмийн худалдааны нэршил тус бүрээр үнийн дээд хязгаарыг тогтоосон. Энэ дагуу 160 эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлж, даатгуулагчдад хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг үзүүлж байгаа. Иргэдийн хөнгөлөлттэй эмд төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн нь зарим эмийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хэмжээ буурсантай холбоотой. Олон улсын эмнэлзүйн удирдамж, эмийн зохистой хэрэглээнд дан найрлагатай эмийг зөвлөдөг тул нийлмэл найрлагатай эмийн хөнгөлөлтийг 30 хувь болгож бууруулсан. Харин давхар найрлагатай эмийн хөнгөлөлтийг 70 хувь болгон өөрчилсөн" гэв.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн сар инфляц, үнийн өсөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор эмийн үнийн саналыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэж байсан юм. Ийнхүү шинэ тогтоол гарч иргэдийн халааснаас гарах мөнгө нэмэгдсэн нь ЭМД-ын сангаас төлөх хэмжээ буурсантай холбоотой аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан