Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл Сербид үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-д аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан.
Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм. М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгультай барилдана.
Хоёр бөх Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө хүч үзэхэд Таха Акгуль 5:0-ээр хожиж байсан юм.