БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Монгол Улсад зохион байгуулагддаг Солонгосын соёлын арга хэмжээнүүдээс хамгийн томд тооцогддог бөгөөд цар тахлын улмаас 3 жил завсарлаад байсан юм.
Албан ёсны нээлт 9 дүгээр сарын 2-ны 16:00 цагт болно. Харин 9 дүгээр сарын 3-ны бямба гарагт тус арга хэмжээг зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн явагдана. 4-ний ням гарагт БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол хийж танилцуулах K-Food арга хэмжээ, Солонгосоос ирсэн Make-up Artist оролцох K-Beauty Make Up шоуг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан Солонгосын урлаг, соёлын дээжээс танилцуулах юм.