Дэлхийн шатрын их баяр наадам Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байгаа бөгөөд III тойрогт Монголын эмэгтэй баг Америкийн багийг 3:1-ээр илүүрхэн хожсон бол эрэгтэй баг Унгарын багтай 2:2-оор тэнцэж оноо хуваалаа.
Шигшээ багийн тамирчдаасаа хол 200 км-ийн зайд байрлаж, Дэлхийн шатрын олимпиадын конгресс, хурлуудад оролцож байгаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар чухал ач холбогдолтой 3 дугаар өргийн өмнө хүрэлцэн ирж баг тамирчидтайгаа уулзан дэмжиж, амжилт хүссэн байна.
III тойрогт Монголын эмэгтэй баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй олимпиадын фаворит нарын нэг хэмээгдэж байсан АНУ-ын шигшээ багийг 3:1-ээр илт давуу ялалт байгуулж 2 оноогоо халааслав.
Тодруулбал, 3 дугаар ширээнд суусан WFM Т.Мөнхзул, 4 дүгээр ширээнд суусан CM Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчдөө хожиж, 1 дүгээр ширээнд тоглосон WGM А.Энхтуул, 2 дугаар ширээнд суусан WIM Б.Баярмаа нар өрсөлдөгч нартай эвийн гэрээ байгуулснаар III тойргийн дараа эмэгтэй шигшээ баг 3 дугаар байранд бичигдэж эхэллээ.
Харин 3 дугаар тойрогт Монголын эрэгтэй шатарчид эртний түүхт шатрын их гүрний нэг Унгарын шигшээ багтай тоглож тэнцсэн.
Тодруулбал, 1 дүгээр ширээнд суусан GM Д.Батсүрэн өрсөлдөгчтэйгээ тэнцэж, 2 дугаар ширээнд суусан FM Г.Амартүвшин бага зэргийн алдаа гаргаж хожигдсон бол 3 дугаар ширээнд GM Б.Гүндаваа давуу байрлалаа ашиглаж чадалгүй тэнцсэн юм. Харин 4 дүгээр ширээнд сууж тоглосон GM С.Билгүүн чухал хожил байгуулж нийлбэр дүнгээр 2:2 харьцаагаар тэнцэж 1 оноогоо авлаа. Тус тойргийн дараа эрэгтэй шигшээ баг маань 25 дугаар байранд бичигдэж байна.
Дараагийн буюу IY тойргийн оноолт: Монголын эрэгтэй баг энэ удаа Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан олимпиадын чансааны 3 дугаарт эрэмбэлэгдсэн Норвегийн шигшээ багтай оноолт таарсан.
Харин эмэгтэйчүүд олимпиадын чансааны 10-т бичигдсэн Казакстан улсын шигшээ багтай тоглох юм байна.