Барилгын салбарт ойр ойрхон осол гарч, хүний амь эрсдэж байгаа асуудлаар өчигдөр УИХ-аас томилогдсон ажлын хэсэг нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Гол зорилго нь гарц хайх. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар, НМХГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир болон Нийслэлийн газрын албаны болон орлогч дарга оролцлоо. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хувьд, сүүлийн үед хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа алдагдаж, хүний амь эрсдэх явдал удаа дараа гарч байгаа тул хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдгийг онцолж байв. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга “НМХГ-ыг дайрч, давшилж, буруутгах гээгүй. Зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд нь шүүмжлэлтэй хандаж байна” гэсэн байр суурь илэрхийллээ. Тус газрынхан зөрчилтэй барилгуудыг мэдэж байсан бөгөөд хуульд зааснаар торгосон гэнэ. Гэвч цааш нь акт тавьж, шүүхэд өгөх боломж байсан ч тэгээгүй нь буруу гэлээ. Бүх зүйлийг хуульд тохож биеэ хоохойлолгүй хуулийнхаа хүрээнд нөөц бололцоогоо ашиглан ажиллахыг тэрээр уриалсан юм.
Барилгын салбарт хүн эрсдэх явдал өмнө байгаагүй зүйл биш аж. Гагцхүү өмнө нь нуун далдалдаг байж. Статистикийн судалгаагаар сүүлийн таван жилд нийт 129 хүн, 2012 он гарсаар нийт 11 хүн барилгын ослоор амь үрэгджээ. Уулзалтын төгсгөлд Д.Баттулга хэлэхдээ “Албаны дарга нар өөрийгөө яаж зөвтгөх вэ. Яаж буруу, зөрүү ярихгүй байх вэ гэдэгт анхаарч байна. Яаж хамтарч ажиллах вэ, эрх зүйн орчноо яаж сайжруулах вэ гэдгийг чөлөөтэй ярьсангүй” гэж зэмлэсэн юм.
Мөн зөвшөөрөлгүй барьсан бүх барилгыг нураахгүй гэлээ. Учир нь, мэргэжлийн байгууллагад ч алдаа дутагдал байгаа тул сайтар хянаж шалгасны үндсэн дээр зайлшгүй шаардлагатай гэснийг нь нураах гэнэ. Нэгэн төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар нэг барилга барих зөвшөөрөл авахын тулд 125 гарын үсэг зуруулдаг гэнэ. Энэ бүхний цаана хүнд суртал, авлига байгааг тэд бас онцолж байлаа. Зөвшөөрөлгүй болон зөрчилтэй бүх барилгын тоо, хавтаст материалыг долоо хоногийн дотор бэлэн болгож өгөхийг ажлын хэсэг нийслэлийн харьяа агентлаг, газрын дарга нарт даалгаж ирэх долоо хоногийн лхагва гарагт хэрэгжилттэй нь танилцахаар боллоо.