Дэлхийн хотууд хүн ам нь нэг сая хүрэнгүүт метро байгуулдаг гэдэг. Харин метрополис хотуудын тоонд багтсан гэгддэг Улаанбаатар нэг сая 300 мянга гаруй иргэнтэй. 2030 онд хоёр сая хүрч, нийтийн тээврийн үйлчилгээний хэдэн автобус нь ачааллаа дийлэхгүй гэдгийг албаныхан ярьж буй. Учир нь, метро нь нийтийн тээврийн ачааллыг бууруулаад зогсохгүй авто замын түгжрэлээс бултахад тусалдаг болохоор. Энэ л зарчмаар хот төлөвлөлтийн хүрээнд нийтийн тээврийн асуудлаа шийдсэн Япон улсын мэргэжилтнүүд манайд туршлагаасаа хуваалцаж байсан нь саяхан. Хот байгуулалтын салбарын чадавхийг сайжруулах төсөл нэртэй судалгааны багийн дэд менежер Нагаяама Кацухидэ ”Судалгааны ажил ид явж байна. Бүтээн байгуулалтад нь таван жил зарцуулна. Тэгэхээр ямар ч гэсэн 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болно.Эхний ээлжийн судалгаагаар 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээсэн.
Тэгэхээр НӨХГ-аас санаачилан хэдэн жил ярьсан метро байгуулах ажил биелэлээ олоход хөрөнгө мөнгөний гачаал үүссэн байна.
Уг нь, Солонгосын нийслэлд байгуулах шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан БНСУ-ын “Сүсонг инженеринг” ХК 400 гаруй сая төгрөгөөр судалгааны ажил хийж өгсөн. Метроны талаар ямар ч мэдлэггүй монголчуудад нэгийг бодуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн гэсэн үг. Гэтэл бүтээн байгуулалтын стратегийн ач холбогдолтой эл ажлыг санхүүжүүлэх хүсэл манай улсад бий ч, их савны ёроол хоосорч буй болохоор метроны эх орон гэгддэг Японы “Жайка” олон улсын байгууллагынхан туслахаар болсон хэрэг. Тэгээд ч Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсч буй учраас нийслэлийг хөгжүүлэх 2020-2030 оны төлөвлөгөөнд метрог тусгаад буй. Энэ талаар нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Цахиураас тодруулахад ”Хотын хүн ам хурдацтай өсч байна. Хот төлөвлөлтөд метрог 2020 оноос хойш тусгасан.
2020 он чинь найман жилийн дараа. Харин 2030 он чинь 18 жилийн дараа. Японы “Жайка” олон улсын байгууллагын мэдээллээр таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Хот төлөвлөлтдөө тусгасан учраас байгуулах байх аа” гэв. Харин НЗДТГ-ын судалгааны багт орж ажилласан ажилтнуудын хэлж буйгаар 18 километрийн урттай, баруунаас зүүн тийш Энхтайваны өргөн чөлөөний дагуу шулуун тэнхлэгт тавигдана. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хүртэл зургаан км зам нь газар доогуур, бусад хэсэгт нь өргөгдсөн гүүрэн хэлбэрээр тавигдах юм хэмээн зураг төслийг нь үзүүлж байв. Гэхдээ хэр урт байх вэ гэдэг нь өнөөх л “шүдний өвчин” болсон хөрөнгө оруулалтаас хамаарах аж. Ямартай ч, өнөө маргаашдаа тулгамдсан биш ч ирээдүйд шийдэх л асуудлын нэг.
Хот төлөвлөлтдөө ч яахав тусгасан байдаг байж. Харин метроны талаар А ч үгүй монголчууд хэрэгтэй байна хэмээн урваганаж байж их өрөнд унах болгоомжлол бий гэдгийг нэгэн албаны хүн хэлж байлаа. Тэрээр ”Онолоор хотын хүн ам гурван сая хүрвэл метро зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Нийтийн тээврийн салбар алдагдалтай гээд ашиггүй ажиллаж болохгүй. Ялангуяа, метро. Автобус, троллейбусыг бодвол эрчим хүч, засвар үйлчилгээ, ашиглалт гээд зардал хэд дахин өндөр шүү дээ. Яг л төмөр зам шиг. БНСУ-ын “Сүсонг инженеринг” ХК нь ТЭЗҮ хийж үзээд долоон орчим тэрбум ам.доллар гэснийг япончууд тав болгож бууруулсан. Гэхдээ энэ мөнгөнд нь засвар үйлчилгээ, ашиглалт, сэлбэг гээд зардал нь ороогүй. Бид метрогоо бариулчихаад юугаараа засвар үйлчилгээгээ хийх вэ. Тэгэхээр их өр байх нь аргагүй байгаа биз. Тэд л метро байгуулж өгье гээд судалгаа хийгээд гүйгээд байгаагаас биш монголчууд ямар ч мэдээлэлгүй. Тиймээс сэтгэлийн хөөрлөөр хандах юм биш. Тэгээд ч улсад метро барих мөнгө байхгүй учраас япончуудыг л дагана. Дэлхийн банкнаас мөнгө зээлж өгье гэж ярьж байна гэсэн. Тэднээр дамжуулж мөнгө авахаар хүү бодогдох нь дамжиггүй. Тэгэхээр бид хэдэн жилийн дараа өрөө төлж дуусах вэ. Үнэн хэрэгтээ бидний хүүхэд, үр ач маань нуруун дээрээ их өр үүрнэ гэсэн үг. Гадаадынхан манайд хуучнаа шахах гээд байгааг дэмжиж байна гэсэн нэртэй нөхдүүд дундаас нь цавчаа хийх нь гэсэн дүр зураг харагдаад байх юм.Тэгчихээд 600 төгрөгийн тасалбартай явна гэвэл бүтэхгүй санаа” гэв.
Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдвэрлэж буйг албан эх сурвалж болох Нийслэлийн нийтийн тээврийн газрын Төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа “Одоогоор хаанаас хөрөнгө оруулалтаа босгох талаар тодорхой мэдээлэл гараагүй шүү дээ. Ямар ч гэсэн олон улсын тендер зарлана байх. Эхний ээлжинд Японы “Жайка” олон улсын байгууллагын судалгааг ирэх гуравдугаар сард Засгийн газарт танилцуулна” гэв. Айлаас эрэхээр авдраасаа эр гэгчээр томоохон төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банкаараа санхүүжүүлж болох эсэхийг тодруулсан уу хэмээн лавлавал тэрээр ”Тус банк Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Гэхдээ бидний зүгээс албан ёсоор хүсэлт тавиагүй. Боломж бол бий байх аа” хэмээв.
Ямартай ч, бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч л болж буй бололтой. Магадгүй, зоосгүй байгаа энэ үед хотын 500 км авто замаа 7-8 км урт болговол түгжрэл буурч мэдэх л юм. Нэг ёсондоо нэг замаар түгжирч явснаас олон туслах замтай болбол метро барихаас хямд тусна. Нөгөөтэйгүүр, сургууль, эмнэлэг, төрийн байгууллагаа хотын төвөөсөө гаргахгүй бол метро барилаа ч түгжрэл буурахгүй нь ойлгомжтой. Харин тэр хооронд дэлхийн зах зээл дэх нүүрс, зэсийн үнэ өсвөл метро барих мөнгөө төвөггүйхэн олчихож ч мэдэх юм бил үү. Хэн мэдлээ...