“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилт, Засгийн Газрын 2022 оны 2 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, хэрэгжилтийг хангах тухай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН-2)” төсөлтэй хамтран “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, ЗГ-ын 2022 оны 2 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах, Байгаль орчны мэдээллийн санд орлогын төлөвлөлт, зарцуулалтын мэдээллийг хэрхэн оруулах тухай практик сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Архангай аймгийн Батцэнгэл, Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн Засаг даргийн Тамгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид, Архангай аймгийн 19 сумын Засаг даргын Тамгийн газрын Санхүүгийн албаны дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Орхон-Чулуутын голын сав газрын захиргаа, Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид, Ойн ангийн төлөөлөл нийт 98 хүн оролцлоо.
Аймаг, сумын удирдах албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчдөд “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийг танилцуулах, түүнийг дагалдах журмын хэрэгжилтийг хангахад ИТХ-ын оролцоо, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх тухай салбар хэлэлцүүлэгт Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн М.Цэрэндолгор, БОАЖЯ-ны НХБТГ-ын ИЦТХ-ийн дарга Ц.Уранчимэг, НҮБХХ-ийн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга Биофин-2 төслийн зохицуулагч Л.Цэрэнням нар оролцлоо.
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд тус сургалтыг цахим болон танхимийн хэлбэрээр байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр журмын нэмэлт, өөрчлөлтийг танилцуулж, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн хэрэгжилт, тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, цаашид төлөвлөлт, зарцуулалтыг хуулийн дагуу хийхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан ба тус хуулийн 18.1-т Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаарыг 15-85% байхаар заасан байна /нийт орлогын дүнгээс хувиар тооцох/. Сүүлийн 3 жилийн дунджаар улсын хэмжээнд хуулийн хэрэгжилт дунджаар 35%-тай буюу хангалттгүй үзүүлэлттэй байна. Шинэчлэгдсэн журмын хүрээнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, Төлбөрийн орлогоос тухайн төсвийн жилд БОХНСАХ-нд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох, Төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, зөрчигчид хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулна.
Журмын төлөвлөлт, тайлагналтын маягтуудыг цахимжуулж Байгаль орчны мэдээллийн сангийн /www. еic.mn/ Байгаль орчныг хамгаалах, арга хэмжээний төсөв, зардлын санд оруулдаг болсонтой холбогдон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн БОХНСАХ ил тод, үр дүнтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх юм.