Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
"Капитал банк өрөндөө 80.8 тэрбумын 164 ширхэг хөрөнгө санал болгосон"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийв.

Тэрбээр “2019 онд татан буугдсан Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын 104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөг буюу нийтдээ 240.3 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн тайлангийн талаар мэдээлэл өгье. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулан нэмэгдүүлэхээр заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй. Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох харилцаа нь хууль эрхзүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банкинд байршуулж ирсэн. НДЕГ нь Капитал банктай 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж харилцах дансанд тухайн жилдээ 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр таван тэрбум төгрөгийг байршуулсан.

Тус банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8, 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5 тэрбум төгрөг тус, тус байршсан.

Улмаар 2015 онд нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн. Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх чадваргүй болж 2016 оны долдугаар сараас эхлэн тус банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам НДЕГ-аас Капитал банкинд  мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах шаардлагыг 20 гаруй удаа хүргүүлж удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. 2018-2019 онд 98 тэрбум төгрөгийн 169 төлбөрийн хүсэлтийг тус банкинд хүргүүлсэн боловч 5.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Капитал банкыг Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2019 онд албадан  татан буулгасан. Тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж нийгмийн даатгалын сангийн  104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөгийг баталгаажуулсан.

Дээрх өр төлбөрийг барагдуулах зорилгоор нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцсон 104.2 тэрбум төгрөгийг хуулийн хугацаанд Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн. Хөрөнгө нэхэмжлэх, санд буцаан төвлөрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгалуулагчийн төлсөн шимтгэлээс бүрддэг ураас өр барагдуулах дарааллыг гурван түвшин дээшлүүлэн даатгагдаагүй хадгаламжийн төлбөрт хамааруулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны гуравдугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анханы шатны шүүхэд Капиталын эрх хүлээн авагчид төлбөр барагдуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргаж шүүхээс 2020 оны аравдугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.  

Эрх хүлээн авагчаас 2021-2022 онд өр төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өгсөн.

НДЕГ-ын хөрөнгөд шинээр бүртгэгдсэн барилга байгууламжид үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 33 ААН байгуулллага иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж 81.3 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн.

Өр төлбөрт авсан 5.2 тэрбумын өртөг бүхий 12 ширхэг хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулж 10 ширхэг хөрөнгийг худалдан борлуулж санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

Мөн 11.9 тэрбумын 10 ширхэг хөрөнгийн дуудлага худалдааг 2022 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан. Ийнхүү дээрх арга хэмжээний үр дүнд Капитал банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбумын хөрөнгө хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, нийт 33.4 тэрбумын өрийг барагдуулж өнөөдрийн байдлаар үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбумын хөрөнгө хүлээн авч нийт 55.6 тэрбум төгрөгийн өр барагдуулсан. Өнөөдрийн байдлаар өр төлбөрийн үлдэгдэл нь 80.5 тэрбум төгрөг байна. Үндэсний аудитын газраас 2020 онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад аудит хийхэд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байж болзошгүй гэх дүгнэлт гарсан. Улмаар шүүхийн байгууллагаас 2016 онд Эрүүл мэнд, НДЕГ-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэнийг торгох ялаар шийтгэсэн.

Э.Бурам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан