Өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд хувцаслах гэтэл “Ээжээ би цэцэрлэгтээ өдөр унтахаар даардаг. Өвлийн тирикогоо өмсч явмаар байна” гэв. Яагаад миний охин даарсан юм, халаалт нь ирээгүй байгаа юм уу хэмээн лавлан асуухад “Ээжээ халаалт гэж юу юм бэ” хэмээн үр минь асуув. Би гэдэг хүн ажил гэж явсаар байгаад гадаа хасах градус зааж, намрын жихүүн салхи нуруу жиндүүлж эхэлснийг ч үл анзаарч, охиныхоо хувцсыг ч зузаалалгүй явснаа санав. Ийн бодох зуур халаалт гэдгийг ч мэдэхгүй бяцхан үрээ цэцэрлэгтээ даараад байна гэхийг сонсоод өөрийн эрхгүй өрөвдлөө. Уг нь, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ сарын 11-ний өдөр эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцны дулааныг есдүгээр сарын 15-наас 2013 оны тавдугаар сарын 15-ны хооронд, харин аж ахуйн нэгж, байгууллагуудынхыг ирэх сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл олгохыг захирамжилсан.
Гэтэл дулаан өгөх ёстой өдрөөсөө дөрвөн хоног хоцорч, өнөөдрийг хүртэл захирамж нь хэрэгжээгүй л байна. Орон сууцны дулаан ч бүр өнгөрч. Одоогийн байдлаар хамгийн түрүүнд дулаанаа авах ёстой Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 111 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 33, 25 дугаар тусгай сургууль дулаанаа аваагүй байна. Харин халаалтаа авсан зарим газрынх нь шугам муугаас бүлээн ирж байгаа гэнэ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх сургуулиудад долоо хоногийн өмнө дулаанаа авч, өдгөө жигдэрсэн байх учиртай. Ойрын өдрүүдэд байгаль дэлхий хүйтэрч байгаа нь халаалтаа аваагүй цэцэрлэгийн багачуул ханиад тусахад хүргэсэн биз. Цаашдаа цаг агаар улам сэрүүснэ хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буй. Тэгэхээр хахир хүйтэн зочлохоос өмнө орон сууцны дулаанаа байг гэхэд ядаж цэцэрлэгийнхийг өгөх юм сан.
Гэвч дан ганц цэцэрлэгийн багачуулаа ялгаад байна уу гэсэн чинь биш бололтой. Учир нь, тусгай сургалттай 25 дугаар тусгай сургууль гэхэд халаалтаа аваагүйгээс хайр, халамж хамгийн хэрэгтэй сурагчид нь хичээлээ хийх хэцүү байгааг багш нар нь ярьж байв. Гэтэл наана нь байрлах “Хобби” суруулийн халаалт хэдийнэ иржээ. Уг нь, төр мөнгөн төлбөрийн чадамжтай, чадамжгүйгээр нь халаалтыг нь ялгаварлаж өгдөггүй л баймаар... Яагаад дулаан нь ирэхгүй байгааг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь холбогдох газраас нь тодруулахаар ”Гэрээгээ хий. Өр ширгүй бол өгнө шүү дээ” хэмээжээ. Харин тэд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компани дулаан өгөхгүй байна” хэмээн хэсэгтээ л бие бие рүүгээ чихдэг байдал энэ жил ч гэсэн давтагдаж байх шиг. Энэ талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай зохицуулалтын диспетчерийн албаны ахлах мэргэжилтэн н.Баяртогтохоос тодруулахад “Манайх гэрээ хийсэн байгууллагууддаа аль хэдийнэ дулаанаа өгч эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд дулаанаа 80-90 хувьтай аваад байна” хэмээснээс өөр хариулт өгөхийг хүссэнгүй. Үүнээс харахад албаны хүний хэлснээр нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгж дулаанаа аваад эхэлжээ. Тэр дундаа цэцэрлэг, сургуулийн халаалтыг бүрэн олгосон гэж ойлгов.
Хотын мэрийнхээ захирамжийг хэрэгжүүлье
Бодит байдал дээр мөнгөтэй нэг нь, тэр дундаа хувийн сургууль, цэцэрлэг халаалтаа авчээ. Харин улсын гэх тодотголтой сургууль, цэцэрлэгүүд бүрэн аваагүй байна. Ер нь, жил ирэх бүр нийслэл дулаанаа хангаж чадахгүйд хүрч буйг ярьдаг. Өнөөдрийн байдлаар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг 13 магистраль буюу 290.8 км урт дулааны төв шугам, найман станцаар дамжуулан 6000 гаруй барилга объектийг дулаанаар хангадаг гэсэн мэдээ бий. Гэтэл төвөөсөө дулаан царайчилж буй сургууль цэцэрлэгийн хүүхдүүд даарч бээрч байхад хотын захын хорооллын нам даралтын уурын зуухаар халаадаг цэцэрлэг, сургуулиуд хамаагүй дээр орчинд хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Магадгүй, олон шат дамжин дулаанаа авъя гэж бичиг цаас барьж гүйдэггүйтэй холбоотой байж мэднэ. Ямар ч гэсэн холбогдох албан тушаалтнууд нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.