Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэсүрэн: Харамсалтай нь, бодлогодоо төрийн байгууллагууд ашиглахгүй юм

Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа. Ний нуугүй хэлэхэд, тэр бүр статистик судалгааны ач холбогдлыг ойлгож, мэддэггүй. Магадгүй ойлгоё гэсэн бодол хүн бүрт төрөөд байдаггүй байх. Ямартай ч статистикийн байгууллагын үүрэг, ач холбогдлын талаар түүнтэй ярилцаж тодорхой ойлголт авахыг хичээсэн юм.

-Тэгэхээр статистик судалгаа хийхийн ач холбогдол юундаа байдаг юм. Ямар үндэслэлээр ийм төрлийн судалгаа шаардлагатай гэж үзэж, судалдаг юм бэ?
-Ач холбогдолтой. Манай байгууллага 10-аад төрлийн судалгаа байнга явуулдаг. Бас тооллого хийж байна. Тухайлбал, 2010 онд хүн ам, орон сууцны тооллого хийсэн. Монголд хэчнээн хүн байна вэ, амьдралынх нь нөхцөл ямар байна вэ гэдгийг тогтоох маш том ажил хийж дуусгасан. Үүний дараагаар аж ахуйн нэгж байгууллагуудыг тооллоо. Монгол Улсад 30 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага байна. Мөн анх удаа хөдөө аж ахуйн тооллого хийлээ. Хөдөө аж ахуй гэхээр мал тоолно гэж ойлгодог. Үүнээс гадна газар тариалан, ойжуулалт, загас агнуур гээд хөдөө аж ахуйн салбарын анхны маш том, шинэ мэдээллийн сан байгуулсан тооллого хийсэн. Эдгээр тооллого бол сүүлийн хоёр жилд хийсэн, их хүн хүч, хөдөлмөр шаардсан үр дүнтэй тооллого байлаа. Энэ статистикийн тоон дээр тулгуурлаж Засгийн Газар мөрийн хөтөлбөр, бодлогоо тодорхойлно шүү дээ. Усжуулалтын асуудал гэхэд л одоо нөхцөл байдал ямар байгаа юм, хэчнээн га нь усжуулсан. Хөрсийг нь эвдрэлээс хамгаалъя гэхэд хэчнээн га нь атаршаад байгаа юм, хэчнээнийг нь сэргээх гээд бүх мэдээлэл чинь төр, засгийн бодлогын түүхий эд нь юм.
-Зарим байгууллага тусдаа статистикийн судалгаа хийдэг. Гарсан тоо нь танайхаас зөрүүтэй ажиглагдах юм?
-Тийм. Тухайлбал, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хууль зүйн яамнаас гаргасан үзүүлэлт байдаг. Тэдгээр үзүүлэлтийг аваад албан ёсны болгодог. Учир нь, тэдгээр тоо баримтыг манайх гаргах боломжгүй байдаг юм. Хууль зүйн яамны гэмт хэргийн бүртгэл мэдээлэл гэхэд л шүүх, цагдаагийн байгууллагууд мэдээллээ нэгтгэснээ манайд өгдөг. Энэ нь албан ёсны статистикийн мэдээлэл болдог юм. Манайд мэдээлэхгүйгээр гаргадаг захиргааны статистик үзүүлэлт гэж бас байна. Тэр нь үнэн, зөв эсэх талаар бид хариуцлага хүлээхгүй. Манайд улстөрч нэг тоо хэлж, судлаач нэг тоо ярьж, яам нэг өөр тоо ярих юм. Бусад оронд статистик тоог л барина. Статистикийн байгууллага олон улсын тогтсон аргачлалын дагуу тооцдог. Тэр тоог төр засаг ч, иргэд ч барьж ярих ёстой.
-Судалгаа хийгээд ямар өөрчлөлт гардаг юм бэ. Зүгээр л судлаад, нийтэд мэдээлэх ёстой юу?
-Тэр тал дээр жаахан бэрхшээлтэй. Бүх статистик үзүүлэлтийн шалтгааныг тогтооно гэвэл бас хүч хүрэхгүй. Тэгэхээр бидний хувьд эхний ээлжинд үзүүлэлтээ зөв тогтоохыг гол болгодог. Харин тэр мэдээллийг мэргэжлийн байгууллага аваад юунаас болов гэдгийг тодорхойлох ёстой. Бидний хувьд бас хичээж байна. Жишээлбэл, “Холбоо, мэдээллийн хэрэгслийн үнэ  сургалтын төлбөр өсөхөд нөлөөлсөн байна” гэдэг ч юм уу анхны ерөнхий тайлбарыг өгдөг. Бүр нарийвчилсан судалгааг шат, шатны мэргэжлийн байгууллага л  хийх ёстой.
-Та эдийн засгийн ухааны доктор хүн. Монгол Улсын хувьд экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэс, жонш гээд ашигт малтмалын үнэ унаж байна. Үүнд, Хятадын эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэж ярих юм. Энэ үнэхээр бодитой шалтгаан уу?
-Манай түүхий эд хэдийд үнэ хүрдэг вэ гэхээр, хэрэглэгч байгууллагуудын эдийн засаг сайн, хэрэгцээ их байгаа тохиолдолд. Тэгэхээр яалт ч үгүй манай эдийн засагт Хятадын эдийн засаг нөлөөлнө. Манайх Хятад руу хамгийн их экспортолж байна. Монголдоо уул уурхайн бүтээгдэхүүнээ иж бүрэн боловсруулж чадахгүй байна шүү дээ. Дөнгөж л ганц, нэг хувийн нүүрс угаах үйлдвэр л баригдаж байна. Хятадад металлургийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Тэр үйлдвэрүүд нь доголдоод, зогсонги байдалтай болоход манайхаас түүхий эд авахаа больчихож байна.
 Гэтэл Японд нүүрс, Өмнөд Солонгост зэс, молебдиний хэрэгцээ асар их бий. Харамсалтай нь, манайд тийш нь тээвэрлэх зам байдаггүй. Хойшоогоо ОХУ-ын төмөр замаар гаргая гэхэд манай төмөр замын ачаалал даахгүй. Яагаад гэвэл, байгаа зам нь ачаа тээврийнх биш. Хятадад гэхэд зориулалтын тусгай төмөр замаар тээвэрлэдэг. Тийм тээвэрлэлт хөгжүүлж байж бид Хятадаас цааш экспортолно. Хятадын эдийн засгаас манайх хамааралтай байгаа нь бодитой мэдрэгдэж байна. Үүний илрэл нь, 2008 оны хямрал. Манай эдийн засаг 1.3 хувиар унасан үзүүлэлт гарсан. Учир нь, хямралын жилүүдэд Хятад бага хямарсан болохоор тэр. Гэтэл зарим улсынх дөрөв, таван хувиар унасан. Том эдийн засагтай оронд ойр байх нь ийм давуу болон сул талтай байна.
-Яавал ийм байдлаас гарч чадна гэж та үзэж байна вэ?
-Тийм учраас дотооддоо боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Жишээ нь, Өвөрмонголын Ордост жилд хоёр сая тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх чадалтай нүүрс боловсруулах үйлдвэр баригдсан. Манай хэрэгцээтэй ижил гэсэн үг. Төмөр, зэсийг шорооноос нь цэвэрлээд л баяжмал гэж нэрлээд гаргачихаж байна шүү дээ. Үнэ тохиролцож чадахгүй байгаагийн улмаас нүүрсээ гаргаж чадахгүй боллоо. Манайх мөнгөгүй болчихлоо, үнээ бууруулахгүй бол авахгүй гэхэд нь бид яаж ч чадахгүй. Түүний оронд зэс утас үйлдвэрлэвэл хэн ч авна. Төмөргүйгээр барилгын үйлдвэрлэл урагшлахгүй. Гэтэл манайх хүдрээр нь гаргачихаж байна. Эдгээр үйлдвэрийг барьчихвал Оросоос бензин, Хятадаас төмөр авах шаардлагагүй болно. Энэ л бие даасан эдийн засагтай болох үндэс.
-Хэдэн жил дараалан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэж зарлалаа. Чухам ямар үр дүнд хүрэв. Статистикийн судалгаанаас ямар зүйл ажиглагдаж байна?
-Ер нь, манай эдийн засагт 5-9 хүнтэй жижиг, дунд үйлдвэрлэл зонхилж байна. Тиймээс төрийн зөв бодлого чухал. Үнэхээр хөдөө орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх нь маш их бэрхшээлтэй байна. Хэрэглэгч байдаггүй. Яг хүнээ олоод, орон нутагт нь хэрэгтэй үйлдвэрлэл хөгжүүлж чадвал маш хэрэгтэй.
Гэхдээ энэ нь ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг дэмжихэд чиглэсэн түр зуурын салбар болохоос биш улсын эдийн засгийг дэмжихээр том зүйл биш. Дотоодын гүн боловсруулалтын томоохон үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай.
-Өдөр бүр л тэдэн хүүхэд төрж, тэдэн эх амаржив гэх мэдээлэл гарч байдаг. Үүнээс ажиглахад төрөлт их байна. Энэ үзүүлэлтийг ЭМЯ-ны холбогдох хүмүүс ажилдаа тусгадаг юм болов уу. Сүүлийн хэдэн жил шинэ төрөх, хүүхдийн эмнэлэг ярьж байна шүү дээ?
- Төрөлт нэмэгдэж, нас баралт буурна гэдэг бол эрүүл мэндийн байгууллагын гол үзүүлэлт. Ерөөсөө манай улсын хөгжлийн гол үзүүлэлт нь хүний өсөлт. 2.8-хан сая хүнтэй, ийм том газар нутагтай. Тиймээс бүх төрлийн судалгаа хийж, сар бүр мэдээлж байгаа. Энэ мэдээллийг чинь хүүхдийн байгууллагууд авч ашиглана, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө, бодлого боловсруулагчид аль аймагт ямар асуудал хурцдаж байна, түүнд нь бодлогоо чиглүүлэх ёстой. Хаана нь сургууль цэцэрлэг барих вэ, хаана нь эмнэлэг барих вэ гэдэг бодлогоо баримтлах ёстой. Харамсалтай нь тэгэхгүй юм л даа. Улсын бодлого боловсруулагчдын гол түүхий эд нь энд л байна. Энэ тоо, судалгааг зөв ашиглаж чадвал төрийн бодлого зөв явна. Ашиглахгүй бол таамаг, лоозон шинжтэй болно.
-Үндэсний Статистикийн Хороо одоогоор ямар ажил хийж байна. Ямар зүйлд анхаарлаа түлхүү хандуулж, гол судалгаагаа хийж байна вэ?
-Статистикийн байгууллагын гол онцлог нь хийх ажил нь хуулиар заагдсан, төлөвлөгдсөн байдаг. Жилийн сар, өдрөөр нь урьдчилан төлөвлөх бололцоотой, тодорхой давтамжтай ажлууд байдаг юм. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа гэхэд л гэр бүл чухам юу хэрэглэдэг, ямархуу орлоготой байна гэдгийг сар бүр судалж, тоолж гаргадаг. Цаг үеийн шинж чанартай мэдээллээр төр захиргааны байгууллагууд, хэрэглэгчдэд үйлчлэх үүрэгтэй. Тийм учраас, манай хорооноос сар бүрийн 10-ны дотор улсын хэмжээний нийгэм эдийн засаг, хөгжлийн мэдээллийг гаргаж тараах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн наймдугаар сарыг статистикийн сар байсан гэж хэлж болох юм. Яагаад гэвэл, энэ хугацаанд Үндэсний статистикийн хорооны хийж буй ажлууд нэлээд яригдлаа. Тухайлбал, Өмнөд Солонгосын статистикийн байгууллагаас санхүүжилт аваад “Монсис” гэж төсөл хэрэгжүүлсэн. “Улаанбаатар хотын групп”-ыг байгууллаа. Энэ групп нь уул уурхайн эдийн засагт статистик судалгааны аргачлалын асуудлыг нэгтгэх зорилготой юм. Уул уурхайд эдийн засаг нь түшиглэсэн 20 гаруй орон хамтарч энэ группыг байгууллаа.  
-Хөдөөгийн статистикийг боловсронгуй болгоно гэж ярьж байсан?
-Хөдөөгийн биш. Хөдөө аж ахуйн тооллого. Үүнийг манайх хийчихсэн байгаа. Хэчнээн мал байгаа юм, эдэлбэр газар, үр тариа хэр их тариалдаг, хэдэн аж ахуйн нэгж, хүн ам байгаа вэ гэдгийг тооцож гаргахыг хэлээд байгаа юм. Одоо материал боловсруулах шатандаа явж байна.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан