Ховд аймгийн залуус монгол бөхөнгийн өдөр (2022.04.23)-т зориулан, монгол хонины ноос ашиглан, “Зөрүүдхэн” нэртэй хүүхэлдэйн киног бүтээжээ. Уг бүтээл нь сар гарны хугацаанд хийгдсэн байна Ховд аймгийн харъяат, залуу бизнес эрхлэгч Н.Батмөнх Ховд аймагт хүүхдийн уран бүтээл дутагдалтай байдгийг анзаарч, Монгол дахь анхны хүүхдийн эко тоглоом үйлдвэрлэгч болох зорилгоор энэхүү бүтээлийг хийх санаа төржээ. Тэрбээр хонины ноосоор эко тоглоом хийж, эсгий урлалыг орчин үеийн хэв маягтай хослуулан хөгжүүлж байна. Хүүхдийн тоглоомыг монгол ахуй, зан үйл, үлгэр туульсын баатруудаар ямагт илэрхийлсээр ирсэн. Хонины ноосоор Ховдын брэнд бүтээгдэхүүн гаргах ажлаа өргөжүүлсээр байна гэж дурьдав Н.Батмөнх Ховд аймагт 100 хувь хонины ноосон тоглоом захиалгын дагуу хийж, хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх, ёс заншил, түүх, соёл, онцлогийг танин мэдүүлэх зорилгоор монгол ардын үлгэрийн баатрууд болон олон төрлийн ноосон бүтээл урладаг байна. Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн, Амьтны аймгийн тухай хуулийн нэн ховор амьтдын ангилалд зүй ёсоор тооцогддог монгол бөхөнгийн тархац нутгийн нэгээхэн хэсэг нь Ховд болон Говь-Алтай аймгуудад байдаг байна. Монгол бөхөн бол цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүй гэдгийн маш том жишээ юм.