Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилний цаанаас чихэр долоолгосон эдийн засаг

Манай эдийн засгийн өсөлт, бууралт хоёр хөршөөс  хамааралтай. Цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой. Урд хөрш манайхаас арьс, шир, ноос ноолуур, нүүрс, төмрийн хүдэр, жонш, нефть гээд олон төрлийн түүхий эд авдаг. Нэг ёсондоо Монгол Улс урд хөршийнхөө үсрэнгүй хөгжиж буй өлссөн эдийн засгийнх нь түүхий эдийн хангамжийн бааз гэхэд хилсдэхгүй. Сүүлийн хоёр жилд нүүрс, төмрийн хүдэр, нефтийн олборлолт нэмэгдэж  борлуулснаар манай эдийн засаг хурдацтай өссөн. Нөгөө талаар, үнэ нь ч өндөр байв. Гэвч манай экспортолж буй ашигт малтмал урд хөршийн хэрэглээний өчүүхэн хэсгийг хангадаг.
Өөрөөр хэлбэл, далайд дусал нэмэрлэхтэй адил гэсэн үг. Тухайлбал, тус улс дотоодын уурхайнуудаасаа жилд 400 сая тонн коксжих нүүрс худалдан авдаг судалгаа бий. Гэтэл манай улс өнгөрсөн жил 20 гаруй сая тонн нүүрс экспортолсон дүнтэй байна. Энэ онд гучин сая тоннд хүргэхээр төлөвлөсөн ч эдийн засгийн хямралын нөлөөгөөр нэг тонн нүүрсний үнэ буурч, экспорт зогсоход хүрээд буй. Өнөөгийн байдлаар манай экспортын нүүрсний хэмжээ дөнгөж л 13 сая тонн болж байгаа дүн гарсан.  Зах зээл судлаачид, нүүрсний салбарын зарим мэргэжилтнүүд ирэх гурав, дөрвөн жилд нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй байж магад гэсэн таамаглал дэвшүүлсэн. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл манайд орж ирэх валютын урсгал татарч, инфляцын өсөлт, валютын ханшийн савалгаа хүчээ авах дүр зураг тодорч байгааг эдийн засагчид хэлж байна.
Монгол Улс жилд нэг сая тонн шатахуун хэрэглэдэг болсон. Үүнийгээ дан ганц хойд хөршөөсөө хангадаг. Тэр дундаа нефть боловсруулах ганцхан үйлдвэрээс авна. Иймээс ОХУ-ын гаалийн татвар, нэг тонн шатахууны борлуулалтын үнэ өсөх нь бидэнд илүү мэдрэгддэг. Учир нь, үүнийг дагаад манай  шатахуун түгээх станцуудын самбар дахь  үнэ  өөрчлөгддөг билээ. Ингээд инфляц өсөх чиглэл зааж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд эргээд иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийг нь залгина. Энэ нь манай улсын эдийн засаг дархлаа муутай хямралын вирус амархан тархдаг сул дорой, валют олдог цөөхөн салбартай, бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.  Эдийн засгийн бүтцээ өөрчилж,  төрөлжүүлэн хөгжүүлэх, валют олох сувгаа нэмэгдүүлэх, иргэдээ хөрөнгөжүүлэх ажил орлоготой болгох  уриатай олон форум, хурал дээр эдийн засагчид үүнийг л ярьсаар ирсэн. Гэвч бодит үр дүн гарсан эсэхийг бидний өдөр тутмын амьдрал тодорхой хэлээд өгнө.  
Эдийн засгаа бэхжүүлэх, тэлэх тэр төлөвлөгөө, хөтөлбөр нь зөвхөн цаасан дээр дурайж, бидний мөрөөдөлд сүндэрлээд л байгаа. Өөрөөр хэлбэл, үе үеийн төр засгийн удирдлагууд улс орноо хөгжүүлж, иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгоно гэсэн амлалтаа бүрэн биелүүлж ирсэнгүй. Харин гоё сайхан бэлэн зүйл ярьж  иргэдэд  шилний цаанаас чихэр долоолгож байна гэж хэлж болох юм.  Уг нь, газрын доорх баялгаараа асар их хөрөнгө оруулалт татаж богино хугацаанд үсрэнгүй хөгжиж, цомхон хүчтэй болж чадах чонон эдийн засаг хэмээн гадаад, дотоодын шинжээч судлаач, эдийн засагчид тодорхойлж буй билээ. Тэгэхээр бидэнд зөв залах арга ухаан, онол дадлага чухал юм. Монголын логистикийн холбооны тэргүүн доктор А.Мөнхболд  “Манай эдийн засаг бизнесийн аль ч салбарт логистик дутаж байна. Хэчнээн сайн маркетинг байгаад ч тухайн бизнес цааш хөгжиж эдийн засгийн тогтвортой байдалд хүрч чадахгүй. Манай эдийн засаг бэхжихгүй, хөгжихгүй байгаа нь мөн л логистикггүй байгаатай холбоотой. Монголд барааны үнэ буурахгүй тогтолцоо бүрдчихсэн.
Жишээлбэл, элсэн чихэр дэлгүүрийн лангуун дээр нэг кг нь 2100 төгрөг гэж бодоё. Гэтэл урд хөршөөс импортоор оруулж ирэхэд наад барааны чинь зах зээлийн үнэ 2100 төгрөг гэж тооцоод гааль дээр  үнийн дүнгийн 15 хувийн татвар авна.  Үүн дээр НӨАТ-ын таван хувь бусад зардал нь шингээд хэрэглэгчдэд очихдоо 2200 төгрөг болдог юм. Бид өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийж үзсэн. Тэгэхэд урд хөршид нэг кг элсэн чихэр үйлдвэрээсээ 650 төгрөгөөр гарч, Эрээнд ирэхдээ 750 төгрөг болдог юм билээ. Иймд манай татварын тогтолцоо бас л буруу байгааг эндээс харж болно. Барааны үнийг бууруулж болох гарц бий. Тэр нь логистик. Логистик гэдэг нь зардал хэмнэх, эрэлт бий болгох, үнэ бууруулах, эдийн засгийн тухайн салбар, бизнесийг урт наслуулж тогтвортой байлгах арга зам” хэмээсэн юм. Эцэст нь хэлэхэд, аварга луу, бүргэдийн эдийн засгийн хажууд монголчууд чонон эдийн засгаа бэхжүүлэхийг өнөө цаг үе шаардаж буй билээ. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан