Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
С.Саран: Эсгий уран зураг бол оюуны болоод биеийн хүч хавсарсан маш хүнд ажил

Эсгий урлал... бид энэ үгийг сонсмогцоо, уншмагцаа эсгий шаахай, эсгий олбогны тухай л боддог нь нууц биш. Гэтэл үгүй юм аа. Олон улсын уран зургийн хамтарсан үзэсгэлэнгүүдийн үеэр монгол хүний урласан эсгий уран зураг үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж, “юм үзэж нүд тайлсан” европчуудыг уулга алдуулж байна. Дэлхийд алдартай сонгодог урлагийн театрын тайзан дээр монгол уран бүтээлчид монгол эсгийгээр урласан хувцсаараа гангаран омогшиж байна. Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид ч хилийн чанадад эсгий малгай, эсгий пальтогоороо олны нүдийг хужирлаж байна. Олон улсын жуулчид хүртэл “Монгол шилтгээн”-ий эсгий хөшиг, “Тэрэлж”-ийн эсгий гэр, эсгий уран зургуудыг шагшсаар буцацгааж байна. Тэгвэл бид энэ бүхнийг яагаад анзаарахгүй, үнэлэхгүй, шагшрахгүй байна вэ? Монгол түмний өнө эртний их өв соёлын нэгээхэн хэсэг болох эсгий урлаг өнөөдөр Монголд ямар түвшинд хөгжиж байна вэ? Энэ мэт асуултуудад хариулт авахаар, басхүү ахуйн хэрэглээний хэдхэн зүйлээр л төсөөлөгдөх болсон энэхүү өв соёлоо хөгжүүлэхийн тулд цаашид юу хийвэл зохих талаар санал бодлыг нь сонсохоор Монголын Урлагийн зөвлөлийн гишүүн,  зураач, урлаг судлаач С.Саранг зорьж уулзлаа.

-Эсгийн урлал, тэр дундаа эсгий уран зураг монголчуудын өв соёл, уламжлалтай хэрхэн холбогддог вэ?

-Эсгий туургатан гэж дэлхийд алдаршсан Монголчуудын анхны төрт улс Хүннүчүүд эсгий, ширмэл бүтээлүүдийг эдийн соёлын хүрээнд урлагтай холбож урлаж байсан нь 1924 онд Хараагийн Ноён уулын Хүннү язгууртны булшнаас гарсан зээгт хатгамал бүхий алдарт эсгий ширмэл ширдэг олдсоноор нотлогдож байгаа юм. Энэхүү ширдэг нь хамгийн эртний олдворт тооцогдож одоогоор ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музей, тал нь Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Уг ширдэг түүхийн үзмэрт тавигдах хэмжээний элэгдэлгүй байгаа нь эсгий өөрөө ямар бат бөх, эдэлгээ сайтай түүхий эд болохыг гэрчилж байна

.

Эсгий бол амьдрал, ахуйдаа эрт цагаас одоог хүртэл ашигласаар ирсэн Монголчуудын номер нэг брэнд түүхий эд. Эсгий нь өрөө тасалгааны температурыг хадгалахаас гадна чийг шингээж, дуу тусгаарлах чадвартай өөрөө амьсгалдаг эко материал юм. Мөн галд маш тэсвэртэй. Монгол хонины ноосны шаталтын температур 560 цельс байдаг учраас шаталт бага явагддаг. Ноосоор хийсэн дулаалгын материал, хэрэглэл нь шилэн хөвөнтэй харьцуулахад дуу чимээг 50 хувиар бууруулдаг бөгөөд хорт хийг өөртөө шингээн, сарниулах шинж чанартай байдаг.  Цэвэр ноосонд өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвартай ланолин гэдэг бодис байдаг учир хүний биеэс ялгарсан хөлс чийгийг хэчнээн шингээвч бохирдол үүсгэдэггүй. Бүр эсрэгээрээ арьсанд тэжээл өгч чийгжүүлэх, хуурай арьсны тослогийг тэнцвэржүүлэх, үрэвсэл намдаах, бактери устгах гэх мэт олон давуу талтай.

Монгол түмэн маань энэ мэт шинж чанаруудыг нь эртнээс танин мэдэж, эсгий материалыг ахуйн хэрэглээнээс урлагийн бүтээл болтол нь хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Эсгий урлаг бол Монголын брэнд юм.

-Таныг эсгий урлагаар магистрийн зэрэг хамгаалсан зураач гэж сонссон. Эсгий урлагтай хэрхэн анх холбогдсон бэ. Ямар ямар үзэсгэлэнгүүдэд оролцож шагнал урамшуулал хүртэж байв?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Торгон зураг, эсгий урлагийн ангид 1997-2002 онд суралцаж төгссөн. Тухайн үед манай сургууль таван жилээр сургаж төгсгөдөг байлаа. Улмаар СУИС-д “Эсгий урлагийн уламжлал ба шинэчлэл” сэдвээр магистр хамгаалж, мөн МУБИС-ийг заах арга зүйч, багшаар төгссөн.

Би уг нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд хувцас дизайнерын ангид орохоор төлөвлөж байсан юм. Гэвч намайг их сургуульд орох үед тухайн ангид элсэлт аваагүй учир Торгон зургийн ангид орсон. Гэсэн хэдий ч хувцас дизайнер болох хүслээ хаяж чадалгүй эсгий хувцсыг олон төрлөөр туршиж, дипломын ажлаа энэ сэдвээрээ хамгаалж байлаа.

1997 оноос эхлэн 25 жил эсгий уран зураг, эсгий хувцас, эсгий ширмэл, эсгий баримал, гобелен, зээгт наамал,  эсгий инстоляци  төрлөөр бүтээлээ туурвиж дотоод, гадаадын олон үзэсгэлэнд амжилттай оролцсон. МУЭХорооны ээлжит үзэсгэлэнгүүдэд  тогтмол оролцдог. Урчуудын эвлэлийн хорооны урилгаар эсгий урлагийн төрлөөр мундаг уран бүтээлчидтэйгээ хамт Франц улсад үзэсгэлэн гаргаж Монгол Улсаа сурталчилж байлаа. Шагнал урамшууллын хувьд заримаас нь дурдвал, 2006 онд "Хавар" МУЭ-ийн ээлжит үзэсгэлэнгийн "Алтан палитр" тэргүүн шагналыг "Он цагийн урсгал" эсгий зургаараа хүртэж байлаа. Мөн 2011 онд “Шинэ санаа шинэлэг бүтээл” эсгий үзэсгэлэнгийн  “тэргүүн байр”, “Чингис хаан” зочид буудал зэрэг шагналыг хүртсэн.

-Танай сургууль торгон зураг, эсгийн урлагийн чиглэлээр одоо ч мэргэжилтэн бэлтгэж байгаа юу?

-Одоо эсгий урлалын чиглэлээр юу юм гэхээс эсгий урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа сургууль Монголд байхгүй болов уу. Манай анги удирдсан багш Баянжаргалын Баяндүүрэн гэж эсгийн урлалыг урлагийн түвшинд хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан мундаг хүн бий. Одоо ч хувийн урландаа бүтээлээ туурвисаар байгаа.

Монголд эсгий урлаг орхигдоод байна уу даа гэж харамсаж байна. Монгол хонины ноос, ноолуураар маш олон төрлийн эсгий урлагийн бүтээлүүд хийх боломжтой. Жишээ нь, эсгий уран зураг, эсгий баримал, эсгий хувцас дизайн, эсгий товоймол зураг, эсгий зээгт ширмэл, бэлэг дурсгал, инсталляци, эсгий холимог техник, хайчилбар гэх мэт.

-Хатуухан хэлэхэд, санаа зовних асуудал өнөөгийн нийгэмд хэтэрхий олон байна л даа. Санаа зовниж байгаагаа мэддэг, хэлдэг хэр нь тухайн асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой алхам хийдэг хүмүүс л цөөхөн байна. Жишээлбэл, та эсгий урлалыг урлаг талаас нь хөгжүүлэхийн тулд ямар хувь нэмэр оруулахаар зорьж байна вэ?

-Мэргэжлийн сургуулийг нь эсгий урлагийн чиглэлээр төгссөн манай ангийнхан дэмий санаа зовниод, гараа бус амаа хөдөлгөөд суугаад байж болохгүй. Тийм ч учраас Дүрслэх урлагийн дээд сургуулийн 2002 оны Торгон зургийн ангийн төгсөгчид хамтран Монголын дүрслэх урлаг дахь эсгий болон торгон зээгт наамлын хөгжилд хувь нэмрээ оруулах, эсгий болон торгон зээгт наамлын уран бүтээлийг дүрслэх урлаг сонирхогчид болон үзэгчдийн хүртээл болгох зорилго бүхий Эсгий урлаг, Торгон зээгт наамлын уран бүтээлийн тайлан үзэсгэлэнг хоёр ч удаа амжилттай зохион байгуулсан.

Эсгий урлаг бол монголчууд бидний мартагдаж, орхигдож буй агуу өв соёлуудын нэг мөнөөсөө мөн. Урлал талаасаа хүмүүс ихэд сонирхож, хөгжүүлж байгаа нь сайн хэрэг. Мэргэжлийн хүмүүс бид харин үүнийг дэмжиж арга техникийг нь харамгүй зааж өгөх хэрэгтэй гэж боддог. Мэргэжлийн зураач урчууд, залуу уран бүтээлчид уламжлалт арга нано технологиор эсгий уран зураг урладаг зураачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаасай гэж хүсдэг. Миний бие мэддэг чаддагаа харамгүй заагаад өгөхөд болохгүй юм үгүй. Сурсан мэдсэн зүйлээ, өв соёлоо, уламжлал ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх мөн дотоод, гадаадын урлаг сонирхогчид болон иргэдэд үзүүлэн таниулах түгээн дэлгэрүүлэх нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна.

Эсгий урлагийг Монголчууд маань хөгжүүлж чадвал дэлхийн урлагийн нэгэн шинэ төрөл болгож чадна. Гэтэл гадны орнуудад эсгий урлаг нь эсгий туургатан хэмээн алдаршсан биднээсээ түрүүлээд эрчимтэй хөгжчихсөн байна. Түүхий эд ноос ноолуур нь Монгол Улсад олдоц бага, үнэ өндөр байна. Учир нь манай монголчууд мах махан бүтээгдэхүүний чиглэлээр хонин сүргээ голчлон үрчлүүлдэг. Ноосны чиглэлээр үржүүлэх нь ховор. Малчин айл бүр хотондоо зөвхөн ноосны чиглэлээр тусгай үүлдрийн хэдэн хонь үржүүлчихдэг бол нарийн ноосны эрэлт ихсэхгүй, үнэ нь тэнгэрт хадахгүй, эсгий урлаг эрчимтэй хөгжих байх аа. Үүнийг төр засаг маань бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй.

Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол орноо хайрлан хамгаалж хөгжүүлэн явахад ёс заншил, соёл урлаг, монгол заншлаа орхихгүй, алдахгүй байх нь төр засаг болоод уран бүтээлчдийн хамтын ажиллагаатай шууд холбоотой. Тийм учраас миний хувьд эдгээр бүх боломж, зорилгыг багтаасан "Эсгий уран зураг - урлагийн бүтээлийн инноваци" төслийг санаачлан хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Төслийн хүрээнд эсгий урлагийн өв соёлыг хадгалах, хамгаалах чиглэлээр шинэ үеийн эсгий уран бүтээлчдийг бэлтгэж технологи, ноу-хауг тусгасан сургалт төлөвлөж байна. Мөн эсгий урлагийн бүтээл, креатив үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд эсгий урлагийн бүтээл, уран зураг бүтээн, зах зээлд гаргах, “Эсгий уран зургийн үзэсгэлэн” зохион байгуулах, анхны NFT felt art-ыг дэлхийд гаргах, эсгий урлагийг сурталчилсан катологи, мэдээллийн сан бүхий веб сайтыг хөгжүүлэх зэрэг ажил хийнэ.

-Эсгий уран зураг... иймэрхүү үндэсний онцлог бүхий бүтээлүүдийг манайхны дийлэнх нь онцолж хардаггүй. Харин гадныхан л уулга алдан шагшаад байдаг. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй” гэдэг дээ. Эсгий уран зургийн давуу талуудыг бидэнд хамгийн энгийнээр хэлж өгөөч.

-Уран бүтээлчийн талаас харахад ноосны эрчилдсэн хөдөлгөөн, зураас, натурал өнгө нь гайхалтай сайхан харагддаг. Үүнийг ашиглаж уран бүтээлч, зураачид бийрийн үзүүрээр ч гаргаж чадамгүй нарийн нандин дүрслэлийг эсгий дээр уран тансаг гаргах боломжтой. Харин хэрэглэгчийн талаас харвал, эсгий уран зураг эдэлгээ удаантай, бат бөхөөс гадна дуу чимээ багасгаж, дулаан энерги ялгаруулдаг давуу талтай.

-Та дээр хальт дурдаад өнгөрсөн дөө, дипломын ажил тань их сонирхол татлаа. Эсгий урлалыг урлагийн түвшинд хөгжүүлэхэд голлох бас нэгэн төрөл бол эсгий хувцас юм байна гэж би хардаг юм.

-Хүмүүс эсгий хувцас өмсвөл хатгах уу, халууцах уу гэж асуудаг. Ноосны сонголтоо зөв хийгээд бусад нэхмэл тансаг материалтай хослуулан холимог техник ашиглаж хийсэн эсгий хувцас хатгаж халууцуулахгүй. Тэр ч байтугай, эсрэг тэсрэг уур амьсгалтай манай орны хувьд хүний эрүүл мэндэд өндөр ач тустай. Эсгий хувцас нь оёдол нэхээсгүй ноосны ширхэг үс болгоныг зулж тавьсан цэвэр гар ажиллагаатай тансаг бүтээл болдог.

Эсгий гэхээр л зузаан, биед наалдахгүй хувцас байж болохгүй. Гоёлын даашинзнаас эхлээд дотуур хувцас хүртэл хийж болж байна. Миний хувьд Америкт амьдардаг монголчуудынхаа захиалгаар дуурьд зориулсан тагтаа, Гуа марал, Бөртэ үжингийн хувцас эд хэрэглэлийг хийж байлаа. Нүсэр их ажиллагаа шаардсан, миний хувьд маш үнэ цэнтэй бүтээл болсон доо.

Ноосныхоо хөдөлгөөний нарийн нандиныг нь мэдэрч чадвал маш гоё этгээд уран зургууд гарч ирдэг. Товчхондоо, эсгий хувцас өмсөнө гэдэг чинь урлагийн бүтээл өмсөөд явж байна гэсэн үг.

-Эсгий хувцсыг эрүүл мэндийн талаасаа хүний биед их сайнаар нөлөөлдөг гэж уншиж байсан. Санаанд оромгүй олон сайн талуудтай юм билээ.

-Тийм шүү, эрт үеэс эсгийг ариун цэврийн хэрэглэлийн оронд хүртэл ашигладаг байсан байгаа юм. Онцлох давуу талуудыг нь дээр дурдсан учраас давтаж хэлээд юүгхэв. Эсгий хувцас бөөр, нуруу, үе мөчинд маш сайнаар нөлөөлж, элдэв өвчнөөс сэргийлэхээс гадна зарим өвчнийг анагаадгийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан байдаг юм билээ. Хүүхдийн гэдэс дүүрэхэд хар даавууг шар тосоор тослоод халааж ороодог уламжлал манайд бий. Үүний оронд хар ноос, марлагийн хөөврөөрөө нимгэн эсгий хийгээд бэгнэж байвал илүү үр дүнтэй шүү дээ. Миний хувьд өвөл өсгийтэй гутал өмсөх шаардлагатай үед оюутан байхдаа өндөр өсгийтэй хавар, намрын гуталдаа эсгийгээрээ нимгэн оймс хийж өмсдөг байлаа. Тун дулаахан шүү. Эсгий оймс хятад байтугай, ямар ч алдартай брэндийн оймсыг дагуулахгүй, хэдэн зуун мянгын үнэтэй годон гутлын ч шаардлагагүй гэж боддог.

-Хамгийн их ур шаардсан бүтээлүүдээсээ сонирхуулаач.

-Эсгий уран зураг бол оюуны болон биеийн хүч хавсарсан маш хүнд ажил. Миний хамгийн их ур шаардсан бас нэгэн бүтээл бол Чингис хааны хөрөг. Эсгийгээр хүний царай төрхийг зурна гэдэг маш хэцүү. Зохиомж зураг бол бага зэрэг эвдэрч болдог. Бодит дүр төрх бол агшаах явцад өчүүхэн эвдэрвэл л тухайн хүний дүр төрх өөр болчихно.

Мөн “Монгол шилтгээн” цогцолборт найман эсгий хөшиг, гэрийн тооно, эсгий үүд хийж өгч байлаа. Эсгий гэрлийг өөртөө шингээх чадвартай учраас эсгий хөшиг маань байгалийн гэрэлтэй уусаад дулаахан энерги, интерьерийн гайхалтай шийдэлтэй орчныг бүтээж өгч байсан.

-Та бол эсгий урлагийн мэргэжлийн цөөхөн уран бүтээлчдийн нэг. Мэргэжлээрээ 25 жил ажиллахын зэрэгцээ уламжлалт эсгий урлалын арга барилыг хадгалж, залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таниулах замаар эсгий болон торгон зургийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор ажиллаж байгаагийн хувьд Монголын эсгий урлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Энэ сайхан урлагийг, Монголыг дэлхийд сурталчлах үндэсний их өв соёлоо зөвхөн бид мэдээд, хийгээд баймааргүй байна. Илүү олон хүнд зааж сургаж, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлээд дэлхийд гайхуулмаар байна. Эсгийгээр хийж болохгүй зүйл гэж үгүй шүү дээ. Бас монгол бүсгүйчүүд маш уран, нандин мэдрэмжтэй, дайчин чанартай хүмүүс учраас эхэлсэн, оролдсон хүн бүр л чаддаг, хийдэг. Монгол хүн бүр эсгий урлалыг гэрийн нөхцөлд хийж сураад амьдрал ахуйдаа хэрэглэж байвал эсгий урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Хятад зурагтай хатгамалд монголчууд маань ямар их цаг зав гаргана вэ, шулуухан хэлэхэд, энэ нь надад таалагддаггүй. Үүний оронд эсгий ширмэл олбог дэвсгэрээ оёод эдэлж хэрэглэж, хайртай хүмүүстээ бэлэглэвэл маш үнэ цэнтэй бэлэг болно. Одоогоор миний хувьд аргыг нь зааж өгөөд бэлдцийг нь хийгээд өгөх зорилготой байна даа. Аргыг нь заагаад өгвөл Монгол Улсын эсгий урлаг хурдацтай хөгжих байх аа. Эсгий бол бидний мэдэхгүй зүйл биш, бид чинь эсгий туургатай монгол гэрт үеийн үед амьдарсаар ирсэн хүмүүс шүү дээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

1 Сэтгэгдэл
Эсгий урлалын талаар сонирхолтой ярилцлага байна
Хамгийн их уншсан