Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хот төлөвлөлтийг иргэдийн саналд тулгуурлан хийнэ

Нийслэл ямар ч төлөвлөлтгүй явж ирлээ. Хэн дуртай нь хотын төвд байшин барьж, хашаа хатгаснаас айл байтугай төрийн байгууллагыг ч олоход хэцүүхэн болж хэмээн иргэд шүүмжилдэг. Хэдийгээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдсан ч төлөвлөлтөөрөө явахгүй, зөвхөн  нэр төдий зүүж явсан нь өнөөдрийн байдалд хүргэсэн биз.
Уг нь, “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г 2010 онд боловсруулан баталж, нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатар баталсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийн “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлыг 2010 оны долдугаар сараас эхлэн гүйцэтгэсэн гэдэг. Харин “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд 2030 он хүртэл хөгжүүлэх дахин төлөвлөлт хийх гэтэл газаргүйн улмаас гацаад байгаа аж. Учир нь, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар барилгын ажил зөвшөөрөлгүй эхэлж, хүний амь насанд хүрсэн тохиолдол өсч буй тул  иргэн, аж ахуйн нэгжийг хотын төвд буй газраа бусдад зарах, бэлэглэхийг хориглосон билээ. Тэгвэл дахин төлөвлөлт хийх ажлын явц хэр байгааг нийслэлийн Зураг төслийн хүлээлэнгийн инженер н.Нарангэрэлээс  тодруулахад “Дахин төлөвлөлт хийгдсэн.  Холбогдох байгууллагууд нь хянаж үзээд УИХ-д өргөн барина.  Хоёр дахь удаагаа хийсэн төлөвлөлт болохоор сайн болсон. Монгол хүн хот төлөвлөлтөө өөрөө хийсэн. Энэ төлөвлөлтийг бүх шатны байгууллага удахгүй мөрдөж ажиллана. Гэхдээ төлөвлөлтөөр энд ийм барилга, тэнд тийм үйлчилгээний төв барина гэж ярих арай эрт. Холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрсний дараа олон нийтэд мэдээлнэ” хэмээн ярьсан юм.
 Ямартай ч, өнөөг хүртэл төлөвлөлтгүй явж ирсэн бол одооноос төлөвлөж, түүнийхээ дагуу хөгжих нь. Харин хуучин төлөвлөлтөөр Багануур, Налайх дүүргийг үйлдвэржилтийн бүс болгон хэмээж байсан бөгөөд шинэ төлөвлөлтөөр яаж  хөгжүүлэхийг нь харах л үлдлээ. Удахгүй хот эмх цэгцэндээ орох  цаг тун ойрхон болжээ. Хууль, жу­рам, тогтоол батлагдаад доод шатанд хэрэгжилт нь сул байдаг бол хотын шинэ удирдлагууд бүх шатны байгууллага төлөвлөгөөний дагуу явж, ямар ч эрх мэдэлтэн төлөвлөлтийг гажуудуулахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд энэ ондоо  багтааж гаргах юм гэнэ.
Нийслэлийн төлөвлөлтийн тухайд анх 1950 онд төлөвлөгөө нь гарч, 40, 50, 120 мянгатын байрыг сүндэрлүүлж байжээ. Харин Төрийн ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсангийн ам дагуу газар олгохгүй, барилга барихгүй байхаар төлөвлөж байж. Хэрэв нийслэл батлагдсан төлөвлөлтөөрөө явсан бол өдийд  хот цэгцтэй, Азийн цагаан дагина нэрээрээ алдарших ч байсан байх. Ямар ч байсан нийслэлийн Засаг  дарга Э.Бат-Үүл хот төлөвлөлтийг иргэдтэйгээ хамтарч хийнэ гэдгээ мэдэгдсэн. Иргэдийн санал санаачилга тусгагдсан энэ удаагийн хот  төлөвлөлт сайн болно гэдэгт ч хотынхон найдаж буй. Харин одоо төлөвлөлтийг олон нийтэд танилцуулах, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах л үлдэж байна. Өмнөх төлөвлөлтийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн. Тэгвэл энэ удаад монголчууд анх удаа хот төлөвлөлтөө өөрсдөө хийж байна. Хэрэв хот төлөвлөлт сайн болбол бид гадаадынхны тусламжийг аваагүй  ганц ч гэсэн бахархах хийсэн ажилтай  болох нь. Тэгэхээр холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, өмнөх шигээ нүглийн нүдийг гурилаар хуурахгүй байхыг хүсье.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан