Улаанбаатар хотод удахгүй метро сүлжилдэн иргэд авто замын түгжрэл хэмээх толгойн өвчнөөсөө салах нь. Судалгааны ажил ямар шатандаа явааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа.
-Метро байгуулах ажлын явц хэр байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл метро байгуулах ажлыг түргэвчлүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийг метротой болгох судалгааны ажил Япон улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Энэ ажил ирэх оны гуравдугаар сард дуусна.
-Метро байгуулахад хөрөнгийн асуудал хэцүү байна гэсэн. Санхүүжилтийг хэрхэн шийдэж байна вэ?
-2010 онд ТЭЗҮ-ийг нь боловсруулсны дараа хөрөнгөө хэрхэн босгох, механизм нь ямар байх талаар судалгаа хийж эхэлсэн. “Жайка” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2011-2013 онд гэж хийсэн. Үүний дагуу өнөөдөр судалгааны ажил ид өрнөж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 4.5 тэрбум ам. доллар хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ улс дангаараа даахад хүндрэлтэй тул хувийн хэвшилтэй хамтран ажиллах талаар судалж байгаа.
-Энэ ТЭЗҮ нь хэр сайн болсон гэж үзэв?
-Урьдчилсан ТЭЗҮ-ээр хотын төвд газар доогуур буюу далд хэлбэрээр харин захаараа ил байхаар төлөвлөсөн. Хэрэв дэд бүтэц замыг нь улсаас хөрөнгө гаргаад хийвэл, хувийн хэвшлийнхэн байгуулчихна.
-Метроноос гадна Засаг дарга “Raildus” явуулах боломжийг судалж байна гэсэн?
-Энэ талаар УБТЗ-ын нэгдүгээр орлогч Домбровескийд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүсэлт гаргасан. Засаг даргын хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс УБТЗ-ын нэгдүгээр орлогч ОХУ-ын Транс маш холдинг компанид уламжилснаар уулзалтыг хоёр тал зохион байгуулсан. Богд уулын урдуур төмөр зам тавих стратеги гарсан тул Нийслэлийн бүс дэх төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах боломж гарна. Үүнийг нийслэлийн удирдлага ажил хэрэг болгох зорилго тавин ажиллаж байгаагийн эхлэл нь энэ. Одоо судалгааны ажил нь явж байгаа.