“Арав хоногийн өмнө л танайхаас би үхрийн шулсан мах килограммыг нь 6300 төгрөгөөр бөөндөж авч байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр 7000 төгрөг болчихож. Яахаараа үнээ ийм хурдан нэмдэг юм. Ядаж, 25 кг махыг 6500 төгрөгөөр тооцоод өгчих л дөө. Би танайхаас дандаа мах авдаг шүү дээ” хэмээн 21 дүгээр хороололд цайны газар ажиллуулдаг гэх нэгэн эмэгтэй “Хүчит шонхор” захын махны лангууны худалдагчаас гуйн зогсоно. Гэтэл эсрэг талд буй барааны лангууны хажууд зогсч буй эмэгтэй бас л “Гурав хоногийн л өмнө танайхаас 1.5 килограммтай “ОМО” угаалгын нунтаг 5000 төгрөгөөр авсан. Хэдхэн хоногийн дотор үнээ нэмчих юм аа” хэмээн худалдагчийг нь зэмлээд зогсохгүй бухимдаж байгаа харагдав. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжлахаар “Хүчит шонхор” захаар явахад бухимдаж, уурласан иргэдтэй алхам тутамдаа таарч байлаа.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдхэн хоногийн дотор нэмэгдсэн нь нийслэлчүүдийг ийн цочролд оруулжээ. Үнэндээ “Хүчит шонхор“ захын бараа бүтээгдэхүүний үнэ хотын төвийн дэлгүүр, худалдааны төвийг бодвол харьцангуй хямд хэмээдэг. Тиймээс ч тус зах бусад худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч ихтэй. Бямба гарагийн 12 цагийн үед тус захаар ороход амралтын өдөр болоод ч тэр үү хөл хөдөлгөөнд дарагдаж, авто замын хөдөлгөөн нь ихсэн байлаа. Хаашаа л харна, энд тэндгүй хүнсээ цуглуулсан иргэд харагдана. Ингээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг сонирхоход барааны үнэ багадаа 100 - 2000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, 1000 төгрөгөөр худалдаалж байсан “PS” шүдний оо, “Safeguard” хүүхдийн гарын саван тус бүр 100 төгрөгөөр нэмэгджээ. Харин 420-450 төгрөгөөр зарж байсан барааны саван 500 төгрөг болсон гэх нь тэр. Яаж дутах вэ гэсэн шиг хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсчихөж. Тухайлбал, “Өгөөж” компанийн еэвэн килограмм нь 2600 байсан бол 2800 төгрөг болж. Ер нь, боов, боорцог гурилан бүтээгдэхүүнүүд мөн үнээ нэмсэн байх юм. Харин бараа бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдсэн талаар худалдагч нараас тодруулахад өнөөх л амны уншлага болсон “Цаанаасаа л нэмэгдэж ирж байгаа шүү дээ” гэсэн үгийг хэлж байлаа. Хэдийгээр 100 төгрөг гэж сонсохоор бага мэт сонсогдож байгаа ч таны авах бараа болгон дээрх хэмжээний мөнгөөр нэмэгдсэн гэхээр хүнс, бараагаа цуглуулж байгаа хүн хэтэвчээ хоослоод гарах нь. Жишээ нь, та долоо хоногийнхоо хүнсийг 100 мянган төгрөгт багтаан авдаг байсан бол дор хаяж 20-30 мянга нэмэгдэх нь гэсэн үг.
Валютын ханш өссөн болохоор...
Яагаад барааны саван 500 төгрөг болсон юм бэ хэмээн худалдагчаас лавлахад ”Одоо барааны үнэ нэмэгдэж байна. Цаанаа байгаа архи тамхины үнийг хар. Барааны саван 50-60 төгрөг нэмэгдсэн нь харин ч гайгүй. Саван чинь импортын бараа. Валют ханш нэмэгдсэн л нөлөөлсөн. Хэд гурван төгрөгийн ашиг харж байгаа бид үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн” хэмээн ярив. Ямартай ч, гадаадаас авдаг импортын бараанаас хараат манай улсын хувьд байж болох тайлбар.
Тэгвэл махны үнэ яагаад өссөн нь анхаарал татав. Мах импортын бараа биш юм чинь шалтгаан нь юу юм бол оо хэмээн бодсоор явав. Ийн явсаар нөгөө махны худалдагчаас импортын бараа биш байтал яагаад махны үнэ нэмэгдсэн тухай лавлавал “Бараа болгоны үнэ нэмэгдэж байхад би ч гэсэн махны үнээ нэмэхгүй бол болохгүй шүү дээ /инээв/. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх бүрт хэдэн ченж нар дур мэдэн махныхаа үнийг нэмлээ гэж буруутгадаг.
Хэдийгээр малаар баян манай улс махаа гадаадаас авахгүй л байгаа ч гэсэн шатахуун, тээврийн үнээс хамаардаг. Манайх гадаадаас шатахуунаа валютаар авдаг. Үнэ нь өсөхөөр тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ биз дээ. Түүнээс биш валют нэмэгдэхэд импортын барааны л үнэ нэмэгдэнэ. Мах нэмэгдэхгүй гэсэн ойлголт байхгүй шүү дээ” хэмээн ярьсан юм.
“Ургамлын тосоо авч чадалгүй буцаж байна”
Харин иргэн Л. Бадамгэрэлтэй уулзаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хэрхэн тусч буй талаар лавлахад “Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ сургаар өсөх юм. Хэд хоногийн өмнө кг хиам 6200-6500-аар авдаг байсан бол 7000 төгрөг болчихож. Үнэ нь нэмэгдснийг худалдагч нар ийм ч барааны үнэ өссөн, тийм ч бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн гэж тайлбарладаг. Сургаар барааныхаа үнийг нэмдэг тогтолцоог халах хэрэгтэй. Өчнөөн жил ийм маягаар явлаа. Эдийн засгийн хаана нь ийм гаж тогтолцоо нуугдсаныг олж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна. Цалин нэмэгдэхгүй хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Би 50 мянган төгрөгт ойр зуурын хүнсээ хангалттай цуглуулдаг байсан бол одоо хүрэхгүй байна. Тэгээд ургамлын тосоо авч чадалгүй буцаж байна” хэмээн ярилаа.
Өргөн хэрэглээний зарим барааны үнэ ханш
Бараан нэр Үнэ ханш
Мах хонины ястай /кг / 5800
Үхрийн мах ястай /кг/ 6300
Сүү /л/ 900
Тараг /л/ 1500
Ургамлын тос 3200
Өндөг / ш/ 240-260
Төмс /кг/ 1000
Байцаа /кг/ 1500
Лууван /кг/ 1000
Атар талх 650
Зууван чех талх 1000
Чинжүү /кг/ 2650
Өргөст хэмх /кг/ 2800
Цөцгий /кг/ 3000
“Миф” угаалгын нунтаг /800 гр/ 3000
“Визо” угаалгын нунтаг 1/кг / 2800
“Colgate”шүдний оо 1400-3000
“Люкс” нүүр гарын саван 550
“Камэя” нүүр гарын саван 1100
Болор архи 17500
Экспорт 0.75 л 13500
0.5 л 9000
Чингис UFC 0.75 13500
0.5 12000