Шатахуун суурь инфляцид шууд нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн. Литр тутмын үнэ нь өсөхөд л өргөн хэрэглээний барааны үнэ дагаад хөдөлдөг. Энэ сарын байдлаар А 80 бензин литр нь 1430-1480, А 92 нь 1570, А 95 нь 1700, А 98 бензин 1830, дизелийн түлш 1660-1700 төгрөгийн үнэтэй байна. Жижиглэнгийн үнэ хөөрөгдөхөд ОХУ-ын хилийн үнэ, валютын ханш гол нөлөө үзүүлдэг хэмээн шатахуун импортлогчид хэлдэг билээ. Энэ сард хойд хөршийн “Роснефть” компани нэг тонн шатахуунаа төрлөөс нь хамаарч ОХУ-ын Наушки өртөөн дээр 1100-1300 ам.доллараар манайд борлуулж буй аж. Харин Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 1395 төгрөг байна. Өдгөө дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, урд хөршийн ашигт малтмал тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импорт буурч хямралын салхи сэвэлзэж эхлээд байгаа билээ.
Мөн эдийн засгийн халуурлын нөлөөгөөр инфляц өгсөх чиглэлд зүтгэж магадгүй гэдэг. Төв банкнаас гаргасан төсөөллөөр инфляц улсын хэмжээнд жилийн 14.9 хувьтай гарч буй. Дөрвөн жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт, валютын хомсдол, шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалж инфляц 30 хувь давж байсан удаатай. Тэр үед ам.доллар 1800-1900 төгрөгт хүрсэн. Эдийн засагч, судлаачид энэ байдал давтагдаж магадгүй тул одооноос сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй хэмээж байгаа юм.
Газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газар, шатахуун импортлогчдын төлөөлөл бямба гарагт хамтарсан уулзалт хийлээ. Уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон холбогдох албаныхан, хувийн хэвшлийнхэн оролцсон юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлээд ”Энэ арга хэмжээний зорилго нь Засгийн газар, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, бүтээгдэхүүний хангамж, жижиглэнгийн үнэ, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах явдал юм.
Газрын тос боловсруулах үйлдвэргүй, нөөц хангалттай бүрдээгүй, дотоодын зах зээлийнх нь үнэ тогтворгүй, валютын ханш, хилийн үнээс хамааралтай эмзэг байгаа тул эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Хэдийгээр тодорхой арга хэмжээ авч ирсэн ч түр зуурын амь аргацаах төдий явж ирлээ. Иймд Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудлыг нэг мөр шийдэх цаг нь ирсэн. Та бүхэнтэй хамтдаа хэлэлцэж асуудлыг шийдэх оновчтой гарц олж, эдийн засгийн хөгжлийн сууриа баттай тавих нь бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг билээ” хэмээн хэлсэн юм.
Манай улсын хэрэглэж буй шатахууны 58.4 хувь нь дизелийн түлш
Өнгөрсөн сарын эхээр “Роснефть” компаниас шатахуун авах гэрээ хэлцэл манай тал хийжээ. Энэ гэрээ 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчлэх аж. Тэгэхдээ тус компани жилд 660 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэх нь. Харин нэг тонн А 80 бензин 1101, А 92 бензин 1301, дизелийн түлш 1061 ам.доллар байхаар тохирчээ. Гэвч захиалж буй шатахууныхаа төлбөрийг зуун хувь хийх учиртай гэнэ. Одоогийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ жилийн хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас авч байна. Үлдсэнийг нь Хятад, БНСУ, Белорус, Казахстанаас хангадаг. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр нэмэгдэж буй. Тухайлбал, энэ онд нэг сая гаруй тонныг хэрэглэнэ. Ирэх жил 1.2 сая тонн болно. Ингээд 2016 он гэхэд 1.5 сая тоннд хүрнэ гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд хийдэг. Тэр дундаа дизелийн түлшний хэрэглээ огцом өсч байгаа. Энэ нь уул уурхай нээгдэж, техник, машин механизмын тоо өсч буйтай холбоотой. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 58.4 хувийг дизелийн түлш, төрөл бүрийн тос, мазут, битум 7.9, эзэлж байна. Үлдсэн хувь нь онгоцны түлш, бензинд ногдож байгаа юм.
Нөөцийн агуулах барихад 605 тэрбум төгрөг шаардлагатай
Аливаа улс орон үнийн огцом өсөлт, эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс шатахуун нөөцөлдөг. Олон улсын туршлагаар дунджаар 90 хоногийн нөөц бүрдүүлдэг бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэн үед төр болон хувийн компаниуд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилладаг аж. Үүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн бодлогоор байнга дэмждэг байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 101 мянган тонн шатахуун нөөцлөх төлөвлөгөөтэй билээ. Одоогоор шатахуун импортлогчид 4.1, улсад 13.2 мянган литр шатахуун бий аж. Манай улсын хэмжээнд шатахууны 120 агуулах бий. Эдгээр нь 338 мянга гаруй тоннын багтаамжтай юм. Хэрэглээ жил бүр өсч буй тул нөөцийн агуулах нэмж барих шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа билээ. Газрын тосны газрын мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэрт нийт 70500 тоннын багтаамжтай агуулах барина. Үүнд, 60.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Дээрх газруудад агуулах барихад энэ жилийн төсөвт 5.85 тэрбум төгрөг тусгасан. Ирэх жилийн төсөвт агуулах барих нийт хөрөнгийн үлдсэнийг нь тусгах шаардлагатай юм. 2015 он гэхэд шатахууны нийт нөөцийн 60 хувь нь улсынх, үлдсэн нь импортлогчдынх байхаар төлөвлөжээ.
“Тамсаг XXI” талбайгаас 21 сая тонн нефть ус шахаж олборлоно
Монгол Улс газрын тосны чамлахааргүй нөөцтэй билээ. Өнөөдөр Монгол, Хятад бусад улсын 14 компани газрын тосны хайгуул, олборлолт хийж буй. Өнгөрсөн жил 345 мянган тонн газрын тос олборложээ. Харин энэ онд 426 мянган тонн газрын тос Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр экспортлох төлөвлөгөөтэй. Оны эхний хагас жилийн байдлаар газрын тосны олборлолт 53 хувиар өссөн дүн гарсан. Цаашид ч нэмэгдэх төлөв бий. Тухайлбал, ирэх жил 772 мянгад хүрэх бол 2014 онд 1.1 сая тонн болох төлөвтэй. Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компанийн эзэмшиж байгаа Дорнод аймгийн Матад сумын нутаг Тосон Уулын нефтийн ордын геологийн нөөц 179 сая тонн. Үүнээс ашиглах боломжтой баталгаат нөөц нь 20 сая тонн байна. Энэ нөөцийн 24 хувь буюу 4.48 сая тонн нь Монгол Улсын Засгийн газарт ногдох хувь юм. Өнгөрсөн жил энэ ордоос 270 мянган тонн нефть олборложээ. Мөн тус компанийн лиценз эзэмшдэг “Тамсаг XXI” талбайн геологийн баталгаат нөөц 127 сая тонн хэмээн тогтоогдсон. Эдүгээ уг талбайгаас 14 сая тонн газрын тос байгалийн горимоор, 21 сая тонныг нь ус шахаж олборлох тооцоо хийсэн байдаг. Олборлох боломжтой нөөцийн 29.7 хувийг Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр авах нь. Үүнээс гадна “Доншен газрын тос Монгол” компани Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод үйл ажиллагаа явуулж буй. Энэ ордын геологийн баталгаат нөөц 26 гаруй сая тонн хэмээн тогтоогдсон. Үүний 1.24 сая тонныг нь олборлох боломжтой бөгөөд манай улсад 29 хувь ногдох юм. Өнгөрсөн жил тус ордоос 75 мянган тонн газрын тос олборлосон дүн бий. Сүүлийн жилүүдэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай их ярих болсон. Зарим компани ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслөө хүртэл бичсэн билээ. Тэдний тооцоогоор жилд дунджаар 200-400 хүртэлх мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр хэд, хэдийг байгуулах боломжтой аж. Ингээд Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорнод аймагт үйлдвэр барих төсөл хийжээ. Эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн тооцоогоор манай улсад жилд нэг сая тонноос доошгүй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулбал хэрэгцээгээ хангана гэж үздэг. Эцэст нь хэлэхэд, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиа шинэчлэх, бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай хуулийг санаачлан батлуулах шаардлага бий гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.