Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛ УЛСЫН ДУРСГАЛЫН ЗООС” КАТАЛОГИ ХЭВЛЭГДЛЭЭ

Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргаад байна. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран “Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхтгэн гаргалаа.

Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын бүх зоосыг огнооны дарааллаар, олон улсын зоосны эмхэтгэлийн үндсэн зарчмын дагуу эрэмбэлэн дугаарлаж, зоосны мэдээллийн хамт оруулснаараа онцлогтой юм. Мөн дийлэнх зоосны зургийг бодит хэмжээгээр, харин жижиг зоосыг бодит хэмжээнээс 2 дахин томруулсан, цөөн тооны зоосыг бодит хэмжээнээс багасган тус тус тэмдэглэгээ хийхийн сацуу олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн зооснуудыг тодотгожээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Аливаа дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэрээрээ бусад зоосноос ялгагдах ба нэрлэсэн үнэ, банкны бэлгэдэл тэмдгийг агуулахаас гадна банк санхүүгийн бие даасан байдлыг харуулж, улс орныг сурталчлах өвөрмөц илэрхийлэл болдог” хэмээн катаолгийн өмнөх үгэнд дурьдсан байна.

Монголбанк нь түүхэн тэмдэглэлт ой, соёлын өв, спортын амжилт, түүхт хүмүүс, онцлог үйл явдал зэрэгт зориулан олон төрлийн дурсгалын зоосыг алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металл, никель зэс зэрэг өнгөт металаар гаргасаар ирсэн.  

Техник, технологийн  хөгжил өндөр түвшинд хүрч, зоос урлан бүтээгчдийн чадвар хөгжиж байгаа нь эдгээр дурсгалын зоосны загвар, үзэмжид эергээр нөлөөлж, ур хийцээрээ  дэлхийн түвшинд үнэлэгддэг болжээ. Тухайлбал 2007 онд гаргасан “Нохой зээх” дурсгалын зоос “2009 оны шилдэг зоос” шагнал (ХБНГУ, Берлин), 2011 онд гаргасан “Шар шувуу” зоос “2013 оны хамгийн алдартай зоос” шагналыг (ХБНГУ, Берлин) тус тус хүртсэн байна.

2021 онд Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд Монголбанк “Банкны ажилтны өдөр”-ийг угтан 6 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэсийн сангийн дэргэд Мөнгөн тэмдэгтийн танхимыг нээсэн билээ.

Энэхүү танхимд эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг шинээр дэглэж, нийтэд биетээр болон виртуал хэлбэрээр нээлттэй үзүүлж байна. Мөн тус танхимд санхүүгийн боловсрол олгох контентуудыг үзэж, мэдлэг мэдээлэл авах боломжтой.

“Монгол Улсын Дурсгалын зоос” каталогийн талаар 315260 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан