Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Увсын чацаргана” нь Европын Холбооноос Монголын бүтээгдэхүүний анхны Газарзүйн заалтыг авах бүрэн боломжтой болсон

Б.Баяртогтох

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “ProValue төслийн ахлагч Рольф Шпайттай уг төслийн хүрээнд ярилцлаа. Энэхүү төсөл нь Архангай болон Увс аймагт хэрэгжсэн юм.

-Монгол Улсын эдийн засаг, экспорт, төсвийн орлого бүхэлдээ уул уурхайн салбараас ихээхэн хамаарч байгаа. Энэ хэт их хамаарлаа цаашид бууруулах, орлогын олон эх үүсвэртэй болох буюу эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай тулгараад байна. Уул уурхайн бус экспортыг бид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Эхний ээлжинд кластерын бүлгүүдийг байгуулах хэрэгтэй. Үүний дараагаар тодорхой салбарын компаниуд болон төрийн байгууллага, бусад оролцогч талууд уулзаж, нэгдсэн экспортын чиг баримжаа болох стратегиа нарийн боловсруулах хэрэгтэй. Энэхүү стратеги нь зөвхөн цаасан дээр байх төдий биш амьдралд хэрэгжиж буй бодит алхмуудыг агуулсан байх нь маш чухал. Стратегийн нэг хэсэг нь экспортын боломжтой, баримжаатай бүтээгдэхүүнийг тодорхойлох явдал. Тухайлбал, Экспортын боломжтой бүтээгдэхүүн гэвэл чацарганы тос байна. Чацарганы хувьд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг, тээврийн зардал багатай зэрэг давуу тал цөөнгүй, өрсөлдөх боломж тэр хэрээр өндөр байна гэсэн үг. Дараа нь импортлогч буюу худалдан авагч улсын тухайн бүтээгдэхүүний талаарх стандартыг нарийвчлан шалгаж, Монголын экспортлогчид, үйлдвэрлэгчид эдгээр шаардлага, стандартыг хэрхэн мөрдөж байгааг анхаарах хэрэгтэй. Үүний дараа бүтээгдэхүүний цаашдын хөгжил яригдана.

-Уул уурхайн бус экспортыг дэмжих, чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох “ProValue төслийн хэрэгжилтийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Төслийн хэрэгжилт, одоогийн үр дүнг бид маш эерэгээр үнэлж, дүгнэж байгаа. Увс аймагт ProValue” төсөл  нь  чацаргана тариалагчид, боловсруулагчдад орлогоо нэмэгдүүлэхэд  үнэтэй хувь нэмрээ орууллаа. Энэ нь тариалалтын арга техникийг сайжруулж, өндөр чанартай суулгацыг нутагшуулснаар үйлдвэрлэл, бүтээмж нэмэгдсэн нь гол үр дүн юм. Энэ жил Увсын тариаланчид 700 гаруй тонн жимс хурааж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ургац авах төлөвтэй байна. Боловсруулагчид элсэн чихэргүй чацарганы шүүс, чацарганы чанамал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард чацарганы чанамал үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтад орсон. Мөн Увс аймагт тариалалт, боловсруулалт нь GlobalGAP зэрэг олон улсын стандартын дагуу хийгдэж байна. Мөн “Увсын чацаргана” нь Европын Холбооноос Монголын бүтээгдэхүүний анхны Газарзүйн заалтыг авах бүрэн боломжтой болсон. Pro Value төсөл нь Монголын хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, ЖДҮ эрхлэгчдийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн сацуу төсөл хэрэгжих хугацаанд маш олон үр дүнтэй ажлуудыг зохион байгууллаа.

Архангай аймагт мал эрүүлжүүлэх болон цахилгаан хайчаар  хонь хяргах төвийг байгуулж, Архангай аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр аймаг даяар түгээн дэлгэрүүлсэн шинэ загвар боллоо. ProValue” төслийн үр дүнд  тус төвөөр дамжуулан малын эрүүл мэндийг сайжруулж, хонины тарга хүчийг нэмэгдүүлэхэд хонины тогтмол угаалганд хамруулахын давуу  талыг сурталчлан ажиллаж байна.  Мөн хонины цахилгаан хайчаар хяргах үйл ажиллагааг дэмжин түгээн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд  энэ нь  малчдын хонь хяргах ноос бэлтгэлийн ажлыг  маш их  хөнгөвчилж байгаа юм.

-Чацарганы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход орон нутгийн дэмжлэг, туслалцаа хэр байсан бэ?

-Бид Увсад аймгийн захиргаанаас эхлээд орон нутгийн үйлдвэрлэгчдээс  бүх талын дэмжлэг  туслалцааг авсан.  Жишээлбэл, ихэнх хөрөнгө оруулалтын зардлыг ProValue төсөл гаргасан хэдий ч орон нутгийн бизнес эрхлэгчид үүнээс хуваалцсан. Орон нутгийн хэмжээнд ийм идэвхтэй оролцоог хангасан нь төсөлд оролцсон бүх талууд харилцан  тохиролцоонд хүрч, нэгдэж, нягтарч чадсантай холбоотой. Тухайлбал, төслийн санаачилгаар Увс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2016 оноос эхлэн Чацарганы баярыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшлээ. Мөн Тэрэм хадны орчмын усалгааны шуудууг шинэчлэн засварлаж, усны алдагдлыг багасгаж, тариаланчдад хүрэх усны хүртээмжийг нэмэгдүүллээ. Төслийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад орон нутгийн дэмжлэг, туслалцаа маш их байсныг эндээс харж болно.

-Ноосон  бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох төсөл Архангай аймагт хэрэгжсэн. Төслийн үр дүнд малчид өөрсдийн нөөц бололцоогоо илүү олж харах боломжтой болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Тийм ээ, малчид хонио шимэгч хорхой болон паразитаас ангижруулахын  тулд  тодорхой хэмжээний төлбөр төлсөн ч тэдэнд ашигтай гэдгийг ойлгосон.  Мөн түүнчлэн  хонийг цахилгаан хайчаар хяргах нь хуучны гар аргаар хяргахаас хамаагүй хурдан гэдгийг тэд  маш сайн ойлгосон.  Мөн энэхүү арга техник нь хонины аж ахуйн орчин үеийн дүр төрхийг бий болгохоос гадна энэ ажил нь илүү хялбар, ашигтай ажиллах нөхцөлийг бий болгож байгаа. Цахилгаан хайчаар хонь хяргах ажлыг илүү өргөн хүрээнд сурталчлан түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгааг дахин хэлье.

-Төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүний чанар, стандарт, хийц, сав баглаа боодол нь хэрхэн сайжирч, бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчилж, гадаад зах зээлд гаргаж байна вэ?

-Чацарганы бүтээгдэхүүний хувьд чанар нь эрс сайжирч, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэгч, боловсруулагчдын тоо нэмэгдсэн байна. Энэ нь экспортын үндсэн нөхцөл юм. Орон нутгийн компаниуд ч орчин үеийн савлагааны техникийг нэвтрүүлэх алхамуудыг хийсэн. ProValue төслийн хувьд бид Япон улстай зах зээлийн харилцаа холбоо тогтоох тал дээр санаачлага гаргаж ажилласан боловч эдгээр санаачилгууд дэндүү эрт гарч, үр дүнд  хүрч чадаагүйХэтийн төлөв илүү сайн байх байсан ч илүү их маркетинг, найдвартай бүтээгдэхүүний туршилт хийх шаардлагатай болсон. Ер нь өндөр хөгжилтэй гадаад зах зээлд гарах нь маш их хариуцлага шаарддаг, маш олон дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд.

Хонины ноосны хувьд бол өөр зүйл. Хэдэн жилийн өмнө монгол ноосны дийлэнх хэсгийг түүхий эд болгон экспортод гаргадаг байсан бөгөөд Монголд нэмүү өртөг шингээсэн боловсруулалт  маш бага байсан.  Монгол Улсын Засгийн газраас түүхий ноос экспортлохыг хориглох, ноосны урамшуулал олгох зэрэг бодлогын үр дүнд энэ байдал үндсэндээ өөрчлөгдсөн. Бид эдгээр бодлогыг малчдад зориулсан сургалт, форум, ноос боловсруулах сайн туршлагын талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилгаа хийж байгаа. Ингэснээр Монголын боловсруулах үйлдвэрүүд  маань хэрэгцээтэй байгаа  чанартай ноосоо авах боломжтой болох юм.

-Уур амьсгалын онцлог, бэлчээрийн мал аж ахуйгаас шалтгаалж тогтвортой үйлдвэрлэл явуулахад хүндрэл их байна. Үүнийг хэрхэн уян хатан, эрсдэл багатай шийдвэрлэх тал дээрх таны бодол юу вэ?

-Тогтвортой үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засгийн хувьд нэн чухал асуудал. Үүний нэгдүгээрт, Монголын хөдөө орон нутагт байгаль орчны сорилтууд тулгарч байдгийг ойлгож, үүнд бэлтгэлтэй хандах хэрэгтэй. Монгол хүнсний бүтээгдэхүүн “ногоон, цэвэр” гэж олонтаа сонссон. Гэсэн хэдий ч энэ нь заавал тийм байх албагүй. Жишээлбэл, пестицидийг хэтрүүлэн хэрэглэх, талбайн ойролцоо хог шатаах зэрэг нь зохисгүй үйлдлүүд бөгөөд өнөөдөр ч Монголын хөдөө орон нутагт элбэг тохиолдож байна. Үүнийг ухамсарлах, сургах, илүү тогтвортой туршлагыг аажмаар нэвтрүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Олон улсын стандартууд энэ талаар сайн зааварчилгаа өгдөг. Бэлчээрийн мал аж ахуйд бидний баримталж буй бодлого бол одоо байгаа мал сүргээсээ илүү ашиг шим хүртэх явдал. Тухайлбал, малын эрүүл мэндийг нь сайжруулж, тарга хүчийг нэмэгдүүлэх, хонины ноосны чанарыг сайжруулах, ингэснээр малчид тооноос илүү чанарт анхаарах, ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

-Увс аймгийн тариаланчид, үйлдвэрлэгчдийн хүчин чадал, бие даасан байдал  ямар хэмжээнд хүртэл хөгжсөн бэ?

-Увсад чацарганы үйлдвэрлэл, боловсруулалтын салбар их өөрчлөгдсөн. Төсөл эхлэхээс өмнө үндсэн сайн туршлагууд хүртэл бараг мэдэгддэггүй байсан бөгөөд зөвхөн цөөн хэдэн бизнес эрхлэгчид үүнийг дагаж мөрддөг байсан. Одоо ихэнх тариаланчид, боловсруулагчид үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадавхийг эзэмшсэн байна. Салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц эрс сайжирч, шаардлагатай бүх ноу-хау хуваалцах боломжтой болсон. Увс аймагт чадавхи, бие даасан байдал жинхэнэ утгаараа бүрэн дээшилсэн.

-Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, Монгол Улсын хөгжил хөдөө орон нутагт байна гэж та өмнө нь хэлж байсан. Өнөөдөр энэ сэтгэгдэл хэр гүн байна вэ?

-Миний олж авсан туршлагаас харахад Монгол Улсад хөдөөгийн үйлдвэрлэлийг тогтвортой байдлаар шинэчлэх боломжтой бөгөөд орон нутгийн хүн амыг хамарсан өргөн хүрээтэй өсөлтийг энд бий болгох боломжтой юм. Төслийн хүрээнд гарсан туршлагыг амжилттай хэрэгжүүлж болох эдийн засгийн өөр олон салбар бий.

-Орон нутагт ажилгүйдэл их байна. Ажлын байрны хүрэлцээгүй байдлаас болж ядуурал нэмэгдэж байна. Үүнийг бууруулж, өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд төрөөс ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Засгийн газар, МҮХАҮТ болон бусад хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран хөдөө орон нутагт эдийн засгийг кластераар хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь үр дүнтэй. Бүх аймагт эдийн засгийн ирээдүйтэй салбаруудад кластерийн бүлгүүдийг байгуулж, шаардлагатай арга хэмжээний талаар хоорондоо ярилцаж, олон улсын туршлагатай уялдуулан эдгээр бүлгүүдийг чадавхижуулах хэрэгтэй. Бэлэн жишээ нь “ProValue” төсөл. Монголын оролцогч талууд төслийн үйл ажиллагаа бодит байдалд  хэрхэн амжилттай хэрэгжсэнийг  харахын зэрэгцээ эндээс туршлага судлах, суралцах нь чухал.

-Төслийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломж бий юу? Төсөл үүнийг дэмжих боломжтой юу?

 -Сарлагийн хөөвөр, торомны ноос, ноосоор хийсэн эсгий даавууг Герман улсад экспортлоход дэмжлэг үзүүлж, дээд зэрэглэлийн эсгий хүрэм үйлдвэрлэж байна. ProValue төслийн хамтрагч Герман компани онлайн дэлгүүрийг нээсэн. Харамсалтай нь Ковид-19 цар  тахлын улмаас эдгээр хүрэмийг Герман дахь холбогдох үзэсгэлэн худалдаагаар дамжуулан  сурталчлах боломжгүй байсан ч 2022 оноос хойш үүнийг хийх боломжтой болно гэж найдаж байна. Мөн бид 2018 онд Японд болох FoodEx үзэсгэлэнд чацаргана үйлдвэрлэгч хэсэг хүмүүсийг оролцуулахыг дэмжсэн боловч тухайн үед үйлдвэрлэгчид шаардлагатай стандартыг хангаж чадахгүй байгааг ойлгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан