Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банкуудын зээлийн өрийн үлдэгдэл улсын төсөвтэй дүйж байна


Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн хэмжээ тогтмол өсч ирлээ. Тухайлбал, гурван жилийн өмнө арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөг байв. Харин өнгөрсөн онд таван их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 6.3 их наяд болж өсчээ. Иймд нийт зээлийн өрийн үлдэгдэл ДНБ-ий 51 хувьд хүрсэн. Учир нь, Монголбанк арилжааны бан­куудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавь­сан билээ.
Тэгээд өнгөрсөн дөрөв­дүгээр сард заавал байлгах нөөцийн хэмжээг нэг хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн юм. Ийнхүү арилжааны банкуудын тэнхээ,  төлбөрийн чадвар нэмэгдсэн тул олгох зээлийн мөнгөн дүн өсөхөд гол нөлөө үзүүлсэн бололтой. Одоогоор олгоод буй нийт зээлийн 20 гаруй хувийг иргэдийн хэрэглээний зээл эзэлж, хамгийн их жин дарж байгаа. Үүнээс гадна эдийн засгийн салбаруудаар нь авч үзвэл  бөөний болон жижиглэнгийн худалдаа, уул уурхай, барилга тэргүүлэх болсон ажээ.
Гэвч сүүлийн үед боловс­руулах үйлдвэр, барилга, үл хөдлөх хөрөнгийн зээл буурах хандлагатай болсон аж.  Манай улсад нийт 57 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэгч байдаг гэсэн судалгаа бий. Эдийн засагчид Монгол Улс шиг зах зээлийн багтаамж бага оронд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нь хамгийн тохиромжтой хэмээдэг. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэгчдэд тусгай сангаас зээл өгч ирсэн. Уг сангаас жилд 30 тэрбум төгрөг  төлөвлөж хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ онд мөнгө төлөвлөөгүй ч зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эдүгээ 1.2 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Эл мөнгөөр 3500 үйлдвэрлэгчийг са­нхүүжүүл­жээ.  Төв банк чанаргүй зээл буурч байгаа хэмээн мэдэгдсэн. Өнөөгийн байд­лаар чанаргүй зээлийн хэмжээ тасралтгүй буурч 4.9 хувь болсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл таван их наяд төгрөг.
Гэвч эл өр энэ жил төлөвлөсөн манай улсын төсөвтэй дүйж буй юм. Дэлхийн олон оронд “Зээлийн төлвийн судалгаа” хийдэг. Монголбанк  энэ оны хагаст ийм судалгаа хийдэг болжээ. Цаашид улирал тутам дээрх судалгааг гаргаж байх нь. Эл судалгаанд арилжааны 13 банк хамрагдсан аж. Тэдний  тал нь зээлээ бууруулсан бол үлдсэн нь бага зэрэг нэмэгдүүлсэн гэсэн дүн гарсан байх юм. Зээлээ хумьсан арилжааны банкууд шалтгаанаа тайлбарлахдаа зах зээлээс хөрөнгийн эх үүсвэр татах  боломж муу байсан хэмээж. Дээрх түүвэр судалгаанд арилжааны банкуудыг том, дунд, жижиг хэмээн ангилж өгч. Томоохон банкууд зээлийн барьцаагаа чангаруулсан байхад дунд зэргийнх нь үйлчилгээний шимтгэлээ нэмэг­дүүлэх арга хэмжээ авсан аж.
Харин жижиг банкууд зээлийн хэмжээ, барьцааны шаардлагаа бага зэрэг сулруулсан гэнэ.  Нөгөө талаар, жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээл авах сонирхол нэмэгдэх хандлагатай байгаа бол ир­гэдийн хэрэглээнийх хэвийн хэмжээнд байна. Мөн нэг зүйл ажиглагдсан нь ипотекийн зээлийн хэрэгцээ буурчээ. Судалгаанд оролцсон арилжааны бан­кууд он дуустал зээлийн мөнгөн дүн нэмэгдэх таамаг дэвшүүлэв. Тэр дундаа иргэдийн хэрэглээний болон жижиг, дунд үйлдвэрийн зээл илүү нэмэгдэх хандлагатай аж.
Гадаад валютын ханш савалгаатай болж л өгвөл өсөх чигт зүтгэж буй. Иймд валютын зээл авах сонирхол буурах шалтгаан болсон бололтой. Төв банкнаас хийсэн дээрх ажиглалтаас үзэхэд сүүлийн гурван сард валютын зээлийн хэмжээ буурчээ. Хөрөнгө чинээ сайтай томоохон банкууд цаашдаа валютын зээл олголт  нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй бол жижигүүд нь буурна хэмээн тодорхойлов.
Гэвч шинжээчдийн хувьд уг зээл хэвийн хэмжээнд байх нь гэж үзэж байна.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан