Ашигт малтмалын үнэ хямдарч Монгол Улс эдийн засгийн хямралд татагдан орох шинжтэй болсон билээ. Ингээд Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Жаргалсайхантай эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн хямрал дэлхийг нөмөрч байна. Ер нь, намжих тал ажиглагдаж байна уу?
-Өнгөрсөн жилээс Европын орнуудад өрийн хямрал эхэлсэн. Тухайлбал, Испани, Грек, Португали, Италид хямрал гарав. Энэ улсууд бусад орон болон Европын холбооноос их хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадахгүй байна. Ингээд энэ тивд банк санхүүгийн хямрал нөмөрлөө. Нөгөө талаар, АНУ-ын эдийн засаг бас хямралтай байгаа. Тус улсын эдийн засгийн хямралын шалтгаан нь арай өөр. Ажилгүйдэл ихэссэнтэй л холбоотой.
Өнөөдөр ажилгүйдэл 8.6-9 хувьтай гарч буй. Энэ нь их өндөр үзүүлэлт л дээ. АНУ, Евро бүс дэлхийн хамгийн том эдийн засаг. Ингээд хямраад эхлэхээр олон улс орныг өөрийн эрхгүй татан оруулах боллоо. Одоохондоо хямрал гүнзгийрээгүй ч, эмчлэх гэж оролдож байна. Гэвч бүрэн шийдэж чадаагүй л...
-Хямралын хоёр дахь давалгаа манай урд хөршөөс эхэлнэ гэж гэж буй. Гэтэл урд хөршийн хэрэглээ буурч, манай экспортын гол түүхий эд нүүрс, зэсийн баяжмалын борлуулалт багасан эдийн засаг хямарч магадгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар та ямар бодол, дүгнэлттэй байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр манай экспортын бүтээгдэхүүний үнэ хямдарч, орлого багасан эдийн засагт хүндрэл гарч эхэллээ. Энэ нь, ганц манайд биш олон улс оронд тулгарч буй хүндрэлийн дохио. Хятадын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог. Гэтэл өсөлт нь нэлээд буурчихлаа. Тухайлбал, жилд тогтмол 10-аас дээш хувиар өсч байсан бол одоо 8-9 орчим хувьтай боллоо. Жилийн эцэст 7.5 хувьтай гарах тооцоог эдийн засагчид хийж байна.
Гэхдээ энэ нь тухайн улсад буурсан, экспорт, импорт, валютын орох урсгал нь саарсан боловч дэлхийн эдийн засгийн хувьд өндөр үзүүлэлт хэвээрээ юм. Нөгөө талаас, Хятадын эдийн засгийн хурдын сааралт нь манайд нөлөөлж эхэлсэн нь тодорхой харагдана. Яагаад гэвэл, манай экспортын 90 орчим хувийг худалдан авдаг улс. Жишээлбэл, манай нүүрсний борлуулалт сүүлийн долоон сард 69 хувиар буурсан. Уг нь, энэ онд 30 сая тонн нүүрс худалдах зорилготой байсан. Одоо энэ хэмжээндээ хүрэхгүй боллоо. Гэвч урд хөршийн эдийн засаг асар том учир манай нүүрсний экспорт бага хувийг эзэлнэ.
Тэгэхээр манайхаас нүүрс худалдан авах боломж бий. Харин худалдан авагчийнхаа хүрээг тэлэх хэрэгтэй. Хятадын нүүрс, эрчим хүчний “Шинхуа” корпораци л гэхэд жилд 400-аад сая тонн нүүрс худалдан авдаг судалгаа бий. Тэгэхээр энэ жил манай борлуулах нүүрс өчүүхэн зүйл байгаа биз дээ.
-Монголын эдийн засаг эмзэг турьхан гэдэг. Яагаад тэр вэ?
-Эдийн засаг гэдэг олон төрөл, салбар, худалдан авагчтай байж тэнцвэртэй хөгжих ёстой юм. Гэтэл бид шатахуунаа нэг улс, нийлүүлэгчээс авдаг, ашигт малтмалаа нэг улс, нийлүүлэгчид худалдаад байна. Энэ нь манай эдийн засаг дэндүү харалган, бүтцийн алдаатай байгааг харуулж буй юм. Шатахууны хувьд л гэхэд ОХУ-д арав гаруй нийлүүлэгч байдаг. Гэтэл манайх нэгээс нь л авдаг. Одоо хоёр болсон гэж байгаа. Нүүрсний экспортыг аваад үзье. Өнгөрсөн зургадугаар сард 283 сая ам.долларын нүүрс борлуулсан мэдээ байна.
Дараа сард нь 81 сая ам.долларын нүүрс борлуулжээ. Тэгэхээр нүүрсний орлого гурав дахин илүү багасч. Үүнээс болж валютын хомсдолд орж хямрах гээд байна шүү дээ. Энэ бол манай эдийн засгийн бүтэц муу байгааг л харуулж байгаа хэрэг. Дор хаяж тав, зургаан худалдан авагчтай байсан бол ингэж хүнд байдалд орохгүй байсан. Үүнийгээ засч чадахгүй өнөөг хүрлээ. Зөвхөн аюул, хямрал тулаад ирэхээр л түүнийгээ мэддэг, гал унтраах байдлаар ажилладаг.
-Жил бүр болдог уул уурхайн чуулганы үеэр ч хөндөж ярьдаггүй байх шүү?
-Сүүлийн үед уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулган манайд их болдог болж. Гэвч эдийн засгийн бүтэц өөрчлөх талаар ярихгүй юм. Тухайн чиглэлээр бизнесийн асар их сонирхолтой хүмүүс уулзаад Монголын зах зээлд байр сууриа хэрхэн бэхжүүлэх, өрсөлдөөнд яаж ялах вэ гэсэн л зорилготой. Тэд Монголын ирээдүй хөгжлийн тухай бодохгүй нь ойлгомжтой. Бид өөрсдийнхөө хөгжил, ирээдүйг бодож, бүтээх ёстой. Хөрөнгө оруулагчид ашгаа хэд дахин яаж нэмэгдүүлэх талаар л бодно шүү дээ.
Харин тэр хурлыг зохион байгуулж, удирдаж буй хүмүүс нь улс орныхоо эрх ашигт нийцүүлж, чиглүүлж барьж чадаж байгаа эсэх нь чухал юм. Манай эдийн засгийн ерөнхий бүтэц уул уурхай, мал аж ахуй гэсэн цөөхөн салбартай. Жигд хөгжсөн олон салбартай эдийн засаг аюулд бага өртдөг. 2008 онд зэсийн үнэ унахад л манай валютын урсгал тасарч хямарсан. Тэр үед ам.долларын ханш 1800-1900 төгрөгт хүрч байлаа.
Өнөөдөр ашигт малтмалын ханш унаж буй тул тэр хямрал давтагдахгүй гэх газаргүй. Яагаад гэвэл, валют олох өөр эх үүсвэр алга. Өнгөрсөн хоёр жилд манай эдийн засаг өсч валютын нөөц нэмэгдэн хөрөнгийн таатай боломж бүрдсэн. Гэвч орлогоо иргэн бүрт бэлэн мөнгө хэлбэрээр тараагаад үрэн таран хийчихсэн юм. Тэр олон зуун сая ам.долларыг бид үйлдвэр, тэр дундаа жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд зарцуулсан бол энэ хямралыг ажрахгүй давах л байсан юм.
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан байгуулагдан хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тэгэхээр үр дүнгээ өгөхгүй байгаа гэсэн үг үү?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн сангийн үйл ажиллагаа үр дүнтэй байгаа. Гагцхүү зээл олгох явц нь удаан, хүнд сурталтай, хүндрэлтэй байна. Иргэн, үйлдвэрлэгч бизнесийн санаагаа олоод төслөө бичээд банкинд очоод л гацчихдаг. Банкны зээл олгох бүх нөхцөлийг хангаад байхад удаж, удаж зээл гаргадаг. Зээл олгохдоо маш их барьцаа шаарддаг. Зуун хувийн барьцаа гаргасан байхад хүртэл хангалтгүй гэж үздэг. Энэ нь манай санхүүгийн системийн тэнцвэргүй байдлыг л харуулж буй. Хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр нь банкны зээл, үнэт цаас хоёр. Гэтэл манайд банкны зээлийн эх үүсвэр 97, үлдсэнийг нь үнэт цаасных эзэлж байгаа юм.
Иймд банк монопольчилж байна. Шинэ компани үнэт цаас гаргаад хөрөнгө босгоно гэдэг манайд хүндрэлтэй. Санхүүгийн зохицуулах хороонд хэдэн үнэт цаас гаргах хүсэлт илэрхийлсэн хэдэн зуун өргөдөл очно. Тэдний ганц, хоёр нь зөвшөөрөл авч чаддаг юм билээ. Энэ мэт ийм их алдаа байгаа учраас үйлдвэрлэл хөгжихөд чөдөр тушаа болж байна. Уг нь, манай хэрэгцээ бага тул жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хамгийн тохиромжтой юм.
-Сүүлийн жилүүдэд манай гадаад валютын нөөц огцом нэмэгдсэн. Хямралаа гэхэд хэр хүрэлцээтэй болсон юм бол. Эдийн засагч хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?
-Дахин хэлэхэд, 2008 оны дөрөв, тавдугаар сараас манай эдийн засаг хямраад эхэлсэн. Тухайн үед валютын орлогогүй болж ханш өсөн инфляц дагаад л хөдөлсөн. Наймдугаар сар гэхэд инфляц 33 хувьд хүрсэн шүү дээ. Ер нь, энэ байдал дахин давтагдах аюул бий. Сүүлийн хоёр жилд ашигт малтмалын үнэ өндөр байсан тул улсын сан хөмрөг валютын жаахан нөөцтэй болсон. Одоо үүнийгээ оновчтой ашиглах шаардлага гарах байх. Манай валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрсэн шүү дээ. Хямрал боллоо гээд зүгээр суухгүй нь мэдээж. Тодорхой бодлого боловсруулж төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Эдийн засагч, судлаачдаас бүрдсэн шинжээчдийн тусгай баг байгуулж хямралын эсрэг ажиллах төлөвлөгөө гаргах нь чухал юм. Дараа нь Монгол Улсыг дунд ба урт хугацаанд хэрхэн хөгжүүлхээ төлөвлөх учиртай.
-Төлөвлөнө гэснээс монголчууд ийм ажилд муу шүү дээ. Дөрвөн улирлын онцлог нөлөөлдөг байх?
-Үнэн. Монголчууд төлөвлөж сураагүй. Улирлын байдалтай л ажиллаж, амьдарч байна. Тухайлбал, намар тариа хураадаг, дараа нь өвлийн бэлтгэл хийнэ. Тэгээд хаврын тариалалт хийнэ. Зун нь хэсэг хугацаанд амарч зугаалдаг. Ердөө л ийм загвараар л яваад байгаа юм. Аливаа улс эдийн засгийн сайн загварын үндсэн дээр дунд ба урт хугацаанд хөгждөг жамтай. Тэгэхээр манайхан нэг ёсондоо харанхуйд бүдчээд явна гэж болно.
Өмнөд Солонгосыг өнөөгийн хөгжилд хөтөлсөн ерөнхийлөгч Пак Жун Хи “Улс төр, соёлоос өмнө бид хүчтэй эдийн засагтай байх хэрэгтэй. Үүний дараа бусад асуудлаа шийдэж болно” гэж хэлсэн. Гэтэл манайд улс төрийн өрсөлдөөн хэт давамгайлаад эдийн засгаа хаячихаад байна. Хэтэрхий их улстөржилтөө зогсоож, эдийн засагтаа анхаарах шаардлагатайг өнөөгийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал харуулж байна шүү дээ. Тэгэхгүй бол бид байрандаа л хий эргээд хөдөлж чадахгүй байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль батлагдсан. Үүнийг зарим нь дэмждэг. Нөгөө хэсэг нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэдэг. Ер нь, гадаадын хөрөнгө оруулалт манайд ямар хэмжээнд байна вэ?
-Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж нэн таатай хуультай байсан. Энэ хуульдаа өөрчлөлт оруулсан юм билээ. Ер нь, манай гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц бас л тэнцвэргүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг 90 хувийг нь хятадууд эзэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.доллартай хүн болгоныг гадаадын шууд хөрөнгө оруулагчаар бүртгэж аваад байсан чинь ийм болж. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хятадын хамаарал их өндөр байгаа юм. Үүнийг дагаад хятад ажилчдын тоо нэмэгдлээ. Тооны хувьслаас чанарын хувьсалд шилжих гэсэн гүн ухааны хууль бий. Иймд гадаадын хөрөнгө оруулалт зөв бүтэцтэй, тэнцвэртэй, чанартай байх нь чухал биз дээ.
Нөгөө талаас, хямралын үед гадаадын хөрөнгө оруулалтын талаар эрс шийдэмгий арга хэмжээ авахаасаа илүү аядуу зөөлөн бодлого баримтлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нэг үгээр хэлбэл, тэднийг үргээчилгүй харзнах нь зөв. Тэдний валют, татвар өнөөдөр бидэнд хэрэгтэй.
-Монгол Улс өрсөлдөх чадвараараа бусад орны хаана нь явна. Үүнийг яаж дээшлүүлэх ёстой вэ?
-Манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 93 дугаар байрт орж буй. Харин хоёр хөрш маань нэлээд дээгүүрт ордог. Тухайлбал, ОХУ 65, Хятад долдугаар байрт яваа. Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд дээр ярьсан нөгөө бүтцийн алдаагаа засаад Монгол Улсыг хөгжүүлэх дунд ба урт хугацааны сайн төлөвөлгөөтэй болох хэрэгтэй байна. Энэ нь эдийн засгаа хөгжүүлэх сайн үзэл баримтлал загвар дээр суурилсан байх ёстой. Үүнийг улс төрөөс хамааралгүй шинжээч, судлаач, эдийн засагч хийх шаардлагатай юм.
Гол нь, төлөвлөгөөгөө улс төрөөс үл хамаарч хэрэгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, тухайн Засгийн газар солигдсон ч дараагийнх нь үргэлжлүүлэн хэрэгжүүлж байх учиртай. Хөгжлийн ийм төлөвлөгөөгүй тул манай эдийн засгийн өрсөлдөх чадвар дорой байгаа хэрэг.
-Аж үйлдвэр хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бий. Эдийн засаг хямраад эхэлбэл тэдгээр төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломж гарах болов уу?
-Хэдийгээр хямралын салхи сэвэлзэж байгаа ч аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого баримталж, зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой. Ашигт малтмал ганц бидний үеийнхний баялаг биш. Ирээдүй хойч үедээ хүртээх учиртай. Иймд тодорхой хэмжээний баялгаа өөрсдөө боловсруулж, уул уурхайгаас орж ирэх орлогоос тусгай хуримтлал үүсгэх арга бий.
Тэр дундаа төмөрлөг, гангийн үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал. Ийм үйлдвэр бусад аж үйлдвэрийнхээ суурь нь байдаг. Япон, Өмнөд Солонгос гангийн үйлдвэрийг чухалчлан хөгжүүлсний үндсэн дээр дэлхийд шилдэг эдийн засагтай орон болсон. Үүнээс гадна орчин үед технологи дээр суурилж хөгжих боломж бий. Өнөөдөр технологи сайтай, түүнийг үйлдвэрлэдэг улс хөгжиж байна. Мөн Тогтворжуулалтын сангийн хөрөнгөө арвижуулж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлээс хамгаалах шаардлага ч байгаа.