Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах боломжийг нээлээ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Франц Улсад ажлын айлчлал хийв.

 

Айлчлалын хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Францын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ламбер Фредериктэй хоёр талын уулзалт хийж Монгол, Францын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны төлөв, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх, өргөжүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцов. Талууд энэ онд багтаан хөдөө аж ахуйн яамд хоорондын ажлын хэсгийн IV хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохирлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Парис хотноо төвтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Элуа Мониктэй аравдугаар сарын 6-ны өдөр уулзаж манай улсад гарч буй малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, мал болон зэрлэг амьтны эмч, мэргэжилтнүүдийг сургах асуудлаар харилцан санал солилцлоо. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд санхүүжилт хийдэг тусгай санд Монгол Улсыг хамруулах боломжтойгоо энэ үеэр илэрхийллээ.

Төлөөлөгчид Францын Клермон-Феррон хотноо 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй, Европт нэгдүгээрт ордог мал аж ахуйн “Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочилж, манай улсад ажиллах сонирхолтой болон хамтран ажиллаж буй Францын аж ахуйн нэгжүүдтэй уулзалтууд хийв. Энэ үеэр уг үзэсгэлэнд оролцсон Францын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жулиен Дэнормандитэй танилцаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэв. Үзэсгэлэнг зохион байгуулагчийн зүгээс манай улсыг 2022 оны аравдугаар сард хүндэт зочин орноор оролцохыг урьж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Францын “Вpi France” төрийн өмчит хөрөнгө оруулалтын банкны Экспортыг санхүүжүүлэх газрын орлогч дарга Латуоре Угэстэй уулзаж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг ярилцав. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус банкны экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг судлах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг тавив.

Эх сурвалж: ХХААХҮЯ
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан