Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ.
Хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэй “Faro Foundation Mongolia” ТББ Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм.
БИД АЛДАГДСАН ЦАГ ХУГАЦААГ НӨХӨЖ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫНХАА БОЛОВСРОЛД ИХЭЭХЭН АНХААРАЛ ХАНДУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон сорил бэрхшээлтэй тулгарч, цар тахлын улмаас хүүхэд залууст боловсролын хоцрогдол үүсээд байгаа. Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хүүхэд залуусынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж байна. БШУЯ Facebook компанитай хамтран Монголын хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж байгаад туйлын баяртай байна” гэв.
“Facebook” компанийн Ази номхон далай, Хонконг, Монголыг хариуцсан олон нийтийн бодлого зохицуулалтын газрын захирал Жорж Чен, “Facebook компани энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 1000 багшид тоон бичиг үсгийн сургалт явуулж, сүүлийн үеийн мэдлэг мэдээллээр хангахаар БШУЯ-тай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид аль болох эртнээс энэ төрлийн боловсролыг олгох нь ирээдүйн интернэт орчныг илүү аюулгүй, эерэг болгоно гэдэгт итгэдэг” гэсэн юм.
Хөтөлбөр нь дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, бусдыг үзэн ядсан үг хэллэг ба бусдыг дээрэлхэх үйлдэл, хувийн нууцлалыг хамгаалах болон хуурамч мэдээллийн эсрэг зэрэг сэдвийг хамарсан, найман модуль бүхий хичээлтэй. Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон багш нарын төлөөлөлтэй хамтран сургалтын материалууд боловсруулсан бөгөөд www.wethinkdigital.fb.com холбоосоор орж цахим хичээлийг татаж авах боломжтой.
Эх сурвалж: БШУЯ