Хан-Уул дүүргийн хэмжээнд 2021-2022 онд 12 цэцэрлэг, есөн сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хийж байна.
Тухайлбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын шавыг өнөөдөр тавьжээ.
Тус цэцэрлэгийн барилгыг “Тэргүүн констракшн” ХХК 2022 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс болох Яармагийн оршин суугчид дөрөвдүгээр хороонд ордог. Иймээс тус хороонд байрлах ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөлийг 400 хүүхдийн суудалтай, урлаг, спортын заалтай, загварын бага сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн хамт 2022 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн.
Мөн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 хүүхдийн ортой 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлүүд тун удахгүй ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байна.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар