Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЭРЭЛД ГАРСАН НЬ


Иргэдийг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр тэр дундаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэхэд барилгын материалуудын үйлдвэрт ямар хүчин туслалцаа хэрэгтэйг газар дээр нь очиж үзэхээр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хөгжлийн банкны мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хамт Дархан-Уул аймгийг зорьсон юм. Тус аймагт барилгын материалын үйлдвэрүүд олонтой нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн гол ачааг үүрэлцнэ хэмээн албаныхан онцолж байв. Барилгын материалын гол тулгуур нь арматур байдаг. Тиймээс ч эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр орсон юм. Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн гурван орд эзэмшдэг тус ТӨХК нь 1990 онд сууриа тавьсан үйлдвэрүүдийн нэг.
Жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Японы технологиор баригдсан тус үйлдвэр байгуулагдснаасаа хойш бүрэн хүчин чадлаараа өнөөг хүртэл ажиллаагүй. Гол шалтгаан нь түүхий эд, хаягдал төмрийн нөөц багасч, хангалттай төмөр цуглардаггүй байсантай холбоотой гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл энэ талаар тус компанийн захирал П.Эрдэнэцогт “Менежентийн шинэ арга барилаар ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч байгаа. Манайх 2009 онд 49 мянган тн бэлдэц, 37 мянган тонн бүтээгдэхүүн, 2010 онд 62 мянган тн бэлдэц, 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ жил 52 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас эхний хагас жилийн байдлаар тал хувийг нь үйлдвэрлээд байна. Бидний хүлээгдэж буй гүйцэтгэлээр 63 мянган тонн  бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 82 тэрбум төгрөгийн  орлого олж, 7,5 тэрбумын ашигтай ажиллахаар төлөвлөсөн” хэмээн танилцуулав. Ажлын хэсгийнхний хувьд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, арматурын үнийг бууруулах боломж бий эсэхийг тодруулахад тэрээр ”Сүүлийн хэдэн жил хаягдал төмрийн үнэ өсч байна.

Тухайлбал, 2008 онд төмрийн хаягдал тонн нь 60 мянган төгрөг байсан бол 2011 онд 240 мянга, 2012 онд 300 мянга болсон. Үйлдвэрийн нийт зардлын 38 хувийг эзэлдэг зардал өсөхөөр бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулна гэдэг хэцүү. Яагаад гэвэл, нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулдаг цахилгаан, шатахуун цаашлаад ур чадвартай, мэргэшсэн ажиллагсадаа тогтвортой ажиллуулахын тулд цалин хөлсийг нь нэмэх ёстой шүү дээ. Өдгөө манайх 1321 ажиллагсадтай. Монгол Улсын гангийн хэрэглээ өсч, жилд 300 мянган тоннд хүрнэ гэсэн судалгааны дагуу барилгын компаниудыг хаягдал төмөр авчирвал арматурыг нь үйлдвэрлэн өгч байгаа” гэв. Судалгаагаар манай улсад тус компаниас гадна арматурын 16  үйлдвэр байдаг аж. Тэд нийлээд барилгын зах зээлд 180 мянган тонныг нь нийлүүлдэг. Гэтэл 2011 онд нийтдээ 261,8 мянган тонн арматур ашигласан гэхээр тус үйлдвэр дөнгөж 50-60 хувийг нь хангаж буй учраас үлдсэнийг нь экспортоор авахаас өөр аргагүй гэсэн нэмэлт тайлбарыг өгч байв.
Ингээд зах зээлд бүтээгдэхүүнээрээ танил болоод буй “Силикат” хөнгөн блокны үйлдвэрээр орсон юм. БНПАУ-ын техник эдийн засгийн тусламжаар 1966 онд шохой ба цагаан тоосгоны үйлдвэр нэртэй байгуулагдаж байсан эл компани өдөрт 80-100 шоо метр  хөнгөн блок үйлдвэрлэдэг байна. Барилгын зах зээл дэх бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тус үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Сэргэлэн ”Барилга, уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор манай үйлдвэрийн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй, 100 хувь зарагддаг. Жилд 22 мянган тонн хөнгөн блок үйлдвэрлэх ёстойгоос одоогоор 16 мянган тонныг нийлүүлдэг. Манайх өөрийн шохойн ордтой болохоор үйлдвэрлэлийн өртөг өндөр гардаггүй. Удахгүй өргөтгөл хийхээр үйлдвэрлэлийн хэмжээ өсч, зах зээлийн багахан хувийг ч гэсэн хангаад байна байх аа” хэмээв.

Харин дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нь ховордсон хэмээн яригдаж буй “Эрэл” компанийн хувьд жилдээ 185 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч өнөөдөр 50-55 хувийг нь ашигладаг буюу жилд 100 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байна. Нэг үеэ бодвол цементийн хэрэглээ 10 гаруй дахин өссөн ч зах зээлийг бүрэн хангах боломжгүй хэмээн тус үйлдвэрийн удирдлага хэлж байв. Тэрээр ”Цементийн хэрэглээ уул уурхай, барилгын салбарын хөгжилтэй холбоотойгоор өсч байна. Үндэсний үйлдвэрүүд зах зээлд нийлүүлж буй нийт цементийн тонн нь  420 мянга. Үүний 30 хувийг нь манайх, 20 хувийг нь Хөтөл, үлдсэнийг нь бусад үйлдвэр нийлүүлдэг. Үйлдвэрээ  бүрэн хүчин чадлаар нь ашиглахын тулд энэ жил цахилгаан шүүлтүүр, зуухаа бүрэн шинэчилсэн. Ингэснээр 100 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол 130 мянган тонн болох юм. Хоёр, гурван жилийн дараа хоёр дахь зуухаа шинэчилнэ. Нэгэнт зах зээлд үүсээд буй эрэлтийг бүрэн хангах боломжгүй учраас бусад үйлдвэртэй өрсөлдөх боломжтой. Халшраад байх юмгүй. Зах зээлийн өрсөлдөөн шүү дээ” хэмээв. Энэ үеэр яригдсан зүйл бол агуулах сав байв. Барилгын салбар улирлаас шалтгаалдагтай адилхан үйлдвэрлэлийнх нь хэмжээ ч дагаж буурдаг байна. Тиймээс саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэгчлэн барилгын компаниудыг барилгын  “талх” гэгддэг цементээр тасралтгүй хангая гэвэл агуулах саваа бэлдэх хэрэгтэй гэж салбарын сайд нь хэлж байлаа.

Учир нь, уул уурхайн болон томоохон компаниуд хэдэн тонноор нь цемент авдгаас жинхэнэ хэрэглэгч болох барилгын салбарынхан хүртэж чадахгүй, тээвэрлэлтийн өндөр үнэ шингэсэн Хятадынх орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байна хэмээн төрийн бус байгууллагынхан ч тайлбарлаж байгаа харагдсан.
Харин зах зээлийн 50 хувийг нийлүүлнэ хэмээн зорилт тавьсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд нойтон аргаас хуурайд шилжихээр ажиллаж байна хэмээн гүйцэтгэх захирал А.Шоовдор угтсан юм. Тус үйлдвэр нь жилд 650 мянган тонн шохой олборлож, 500 мянган тонн цемент  үйлдвэрлэх хүчин чадалтай. Портланд төрлийн цемент үйлдвэрлэдэг эл үйлдвэр нь 2011 онд таван шатлалтай циклон дулаан солилцуулагч, кальцуулагч бүхий хоногт 2500 тонн портланд цементийн чулуунцар үйлдвэрлэх нэг эргэх зуухтай хуурай аргын шугам барьж, технологийн шинэчлэлтийн ажил эхлүүлжээ. 2013 онд хуурай аргын үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болох гэнэ. Хуурай аргын нэг шугам нь хоногт 2500 тонн чулуунцар үйлдвэрлэх Ф4х60м нэг эргэх зуухтай. Төслийн зуух нь нойтон аргын Ф4х150 м-ийн эргэх зуухнаас 3-4 дахин хурдан эргэх тул хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгддэг аж. Энэ талаар гүйцэтгэх захирал А.Шоовдор “Энэ төсөлд дээр Германы Бэйзмент ХХК хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа.

Шинэчлэл хийснээр манайх жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Шохойн чулууны хоёр орд газар, ил уурхай, эрчим хүч, төмөр зам, автозам, ус, дулаан хангамж, склад агуулах, байшин барилга, ажил мэргэжлийн туршлагатай хүмүүстэй нь манай давуу тал. Шинэчлэлийн хэвийн үргэлжлэх хугацаа 8-10 сар. Өнөөдөр хоёрхон төрлийн цемент үйлдвэрлэж байгаа нь тэр болгон хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг нэр төрөл, үнэ өртгийн хувьд ч хангах боломжгүй байна. Хөтөлийн Дулааны станцын үлэмж их алдагдлыг үйлдвэр дааж авч явдаг зэрэг нийгмийн талын зардал цементийн өртөгт нөлөөлдгөөс үнэ нэмэгддэг. Шинэчлэлийн ажил дууссан өдрөөс л долоон төрлийн цементийг жилд 1 сая тонноор үйлдвэрлэж эхлэх учир нэгж бүтээгдэхүүний өртөг, үнэ буурах боломжтой. Хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээнд зориулан сонголт хийх болно гэсэн үг” хэмээн төслийнхөө талаар танилцуулав. Тэрээр цааш нь “Манай нэг тонн цементийн өөрийн өртөг одоо 100 мянга давчихаад байгаа. Шинэчлэл хийсний дараа 62-68 мянган төгрөг болж буурна. Цементийн үнэ одоогийнхоос бараг хоёр дахин хямдарна гэсэн үг. Ингэснээр манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч, импортын хямд үнэтэй, чанар муутай цементийн хэрэглээг хязгаарлах нөхцөл бүрдэнэ” хэмээн таатай мэдээ дуулгасан.

Ингээд сайд Ц.Баярсайхан Дархан-Уул аймгийг үйлдвэрлэл, технологийн парк болгон хөгжүүлэх хөтөлбөртэй танилцсан юм. Тус аймгийн ДНБ-ий үйлдвэрлэлийн эзлэмжийг төвийн бүстэй харьцуулбал аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд эзлэх хувь улсын дунджаас 20, төвийн бүсийнхээс 50 хувь өндөр үзүүлэлттэй байдаг. Дархан үйлдвэрлэл технологийн паркийг байгуулснаар ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь тогтвортой өсөх гэнэ. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр 1839 га газрыг ҮТП-ийн бүс болгон тогтоож, сургалт, эрдэм шинжилгээ, боловсруулах үйлдвэр, ЖДҮ-ийн гэж гурав хуваан цаашид өөр хоорондоо уялдаа холбоотой ажиллахаар тооцжээ. ҮТП-ийн нэгдүгээр бүс буюу хүнд үйлдвэрийн бүс 776 га газарт одоо ажилладаг болон зогсонги буй барилгын үйлдвэрүүдийг сэргээн өргөжүүлж, цаашид Гаалийн чөлөөт бүс, үйлдвэрийн нөөцийн газар, полистрал, шууд ангижруулах төмрийн болон нойтон баяжмалын үйлдвэр, ган хатаах, цувих үйлдвэрийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

Хоёрдугаар бүс буюу “Хуучин Дарханы үйлдвэрийн бүс” 870 га газарт үйлдвэрлэл нь зогсонги байгаа хүчилтөрөгчийн болон спиртийн үйлдвэр, мах экспо, Дархан гурил, ацетлины үйлдвэр, сэргээх гурван үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх аж. Гуравдугаар бүс буюу сургалт эрдэм шинжилгээний бүсэд Дархан-Уул аймагт сургалт эрдэм шинжилгээ хийдэг 12 их дээд сургууль хамрагдаж бусад бүсэд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ тухайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар шинжилгээ судалгаа хийхэд баг болон ажиллахаар төлөвлөгдсөн байна. ҮТП-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр нэмүү өртөгт шингэсэн импортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл өснө гэжээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулснаар импортыг орлох болон экспортын чиглэлийн олон ЖДҮ нэмэгдэж, 1500 ажлын байр шинээр бий болох аж. Харин “Эрэл” цементийн үйлдвэрийн технологид шинэчлэл хийснээр үйлдвэрлэлийн зардал буурч, орлого нь жилд 15 хувь өснө хэмээн үзжээ. Нийтдээ 91093 хүн амтай Дархан-Уул аймагт үйлдвэрлэл, технологийн парк байгуулснаар олон өөрчлөлт гараад зогсохгүй Улаанбаатар хотод ч барилгын материал саадгүй нийлүүлэх аж.


Яам барилгын материал үйлдвэрлэгчдээ анхаарч ажиллана

Ингээд БХБ-ын сайд Ц.Баярсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-“100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд барилгын материалын нийлүүлэлт чухал. Одоогийн байгаа нөөц боломжоо ашиглахаас гадна барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих ямар бодлого яам баримтлах вэ?
-“Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлэхэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал байна. Өнөөдөр барилгын гол түүхий эд болсон цемент, арматур гэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйгээс гадаадаас их хэмжээгээр авдаг. Замын-Үүдийн боомтоор гэхэд орж ирж буй ачааны 60 хувь нь цемент байна. Тиймээс барилгын материалын үйлдвэрлэлийн өнөөгийн байдалтай танилцан цаашид яаж, ямар бодлого баримтлан ажиллавал таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Яамны зүгээс барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Бодлогоо зөв тодорхойлоод явбал дэмжих боломжтой.

-Барилгын материал үйлдвэрлэгчид нийлүүлэлтийг сайжруулахад зам харилцаа хамгийн чухал гэж хэлсэн. Энэ талаар ямар ажил хийх вэ?
-Хотод эх орны цемент чухал байна. Нийлүүлэлтийг тасралтгүй хийхийн тулд терминал байгуулах хэрэгтэй гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Удахгүй бодлогоо боловсруулж Засгийн газарт танилцуулна. Түүнчлэн сав чингэлгийн асуудал ч гэсэн хөндөгдлөө шүү дээ. Зам харилцаа сайн, агуулах сав сайтай бол хот, орон нутаг гэлтгүй барилгын түүхий эд саадгүй нийлүүлэх боломжтой гэж үйлдвэрлэгчид маань хэлж байна. Тэгэхээр энэ талаар анхаарч ажиллана.

-Хөгжлийн банкныхан хамт явж үзэж харлаа. Тэдний хувьд энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол бий болов уу?
-Тус банкны гол чиглэл нь дэд бүтцэд хөрөнгө оруулах. Одоо харахад барилгын салбарт ч гэсэн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Ер нь, дэд бүтцийг нь улс шийдэж өгөөд Дархан–Уул аймгийн 13 дугаар хороолол шиг цогцолбор хэлбэрээр бариулж болохоор байна. Газрыг нь үнэгүй өгвөл хямд төсөр орон сууц барих боломж бий. Газар дээр нь танилцсан төрийн бус байгууллагынхан болон яамны зүгээс удахгүй барилгын материалын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын баримт бичиг гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан