Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 46 дахь өдрөө гүйсээр очсон. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Хилийн цэргийн 0101 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар анги, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга нар, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Сүхбаатар сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэсэн билээ.
Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр бариандаа орохоор тооцсон билээ.