УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон тул тус тойрогт нөхөн сонгууль явуулах учиртай. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Мөн УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай хэлэлцэв.
Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын Их Хурал тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг. УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Харин улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай” Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн 58.3 хувь нь төслийг дэмжив.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.