УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ долоо хоногийн даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яам, Үндэсний аудитын газрын удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.
Үндэсний аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг хоёр байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт гаргасан.
Аудитад Батлан хамгаалах яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 48 байгууллагын санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын түүвэрт хамруулж, 5.4 тэрбум төгрөгийн алдааг залруулан 28 төлбөрийн акт тогтоож, алдаа дутагдлыг дахин давтахгүй байх үүднээс 27 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.
Харин Гадаад харилцааны яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 52 байгууллагын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитад хамруулж, 8 байгууллагын тайланд дүгнэлт гаргасан. Аудитын явцад 8.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгуулж, 2.4 тэрбум төгрөгийн алдааг залруулан 100 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 10 албан шаардлага, 15 зөвлөмж хүргүүлж ажилласан талаар Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яам, Үндэсний аудитын газрын удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцов.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
ХОЁР ТАЛТ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨВ
Дараа нь Засгийн газраас 2021 оны энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хийсэн юм.
Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар сайд танилцуулгадаа дурдаад эдгээр зорилтын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байгааг сайд онцлов.
Төсөл нь Гудамж, замуудын цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Уг төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор нийт 10.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага шийдвэрлэх ажээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа нар танилцуулав.
Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Доржханд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг сайд танилцуулав.
Төслийн эх үүсвэрийн 50 хүртэл хувиар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн төслийн хамтарсан санхүүжилт болгож Азийн хөгжлийн банкнаас 19.0 сая ам.долларыг олгохоор зээлийн хэлэлцээрийг байгуулснаас гадна АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангийн 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг явуулахад шаардлагатай хувийн хамгаалах болон бусад хэрэгслүүдийг худалдан авах, вакцинжуулалтын үеийн болон дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, хяналт тавих чадавх бэхжүүлэх, болон PCR шинжилгээний 10 лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж худалдан авч, суурилуулах ажлуудыг хийхээр тохироод байгаа аж.
АДБХОБ-ны зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр хувьсах тархалтын хувь (0.63%) -ийг нэмсэнтэй тэнцүү байхаар тохирчээ. Зээлийн эх үүсвэрийг ирэх сард багтааж батлуулахаар ажиллаж байгааг сайд дурдав.
Мөн уг зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖСЭНГҮЙ
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нарын гишүүдээс боловсруулсан “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж гишүүн Н.Наранбаатар хийсэн юм.
Тогтоолын төсөлд Ховд-Улиастай /Байтаг/ боомтын үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэх, Улиастай /Байтаг/ боомтоос Булган сумын чиглэлд 120 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх; Ховд-Булган /Ярантай/ боомтын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдсийн тусгай гарц нээх, зорчигч тээвэр гарах, орох замыг тусад нь байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг чиглэл болгожээ.
Мөн Өмнөговь-Ханбогд /Гашуунсухайт/ боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх 20 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулах, боомтод 9 дэх шинэ гарцыг бий болгож, уг гарцаар зөвхөн үндэсний аж ахуйн нэгжийн ачаа барааг тээвэрлэх зохицуулалт хийх, энэ ажилд шаардагдах санхүүжилтийг тухайн орон нутгийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг судалж үзэх; Говь-Алтай-Нарансэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээж нээх, уг боомтыг Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан нар үг хэлж төслийг сайн нягталж, холбогдох байгууллагуудын саналыг авч тооцоо судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.