Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурч байна. Манай улсын экспортын гол түүхий эд бол коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть. Сүүлийн жилүүдэд ашигт малтмал нийт экспортын 91 хувийг бүрдүүлж улсын төсөв, иргэдийн амьжиргааг тодорхойлох болсон. Гэтэл сүүлийн саруудад зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн уналтаас шалтгаалж олборлолт, экспорт огцом буурлаа. Тухайлбал, нүүрсний борлуулалт 70, зэсийнх 20 гаруй хувиар багассан тооцоо гарав. Ашигт малтмалын жишиг үнийг сар бүр гаргаж, улсын төсөвт орох орлогоо тооцдог. Өдгөө нүүрсний чанар, урд хөршийн зах зээлийг харгалзан үзэж, нэг тонныг нь дунджаар 56-78 ам.долларын үнэтэй байхаар тогтоожээ. Харин баяжуулсан нүүрсийг нэг тонныг нь 134 ам.доллар хэмээн үзэв. Гэвч энэ үнээр өнөөдөр нүүрсээ борлуулж чадахгүй байгаа. Учир нь, хамгийн үнэтэй боловсруулсан нэг тонн нүүрсийг урд хөршийнхөн 100 гаруй ам.доллараар л худалдан авах санал тавиад байгаа.
Ганц модны боомтод өнгөрсөн зургадугаар сард дунджаар манай боловсруулсан нэг тонн коксжих нүүрсний агуулахын үнэ 1070 юань байв. Энэ нь тухайн үеийн ханшаар 182 орчим ам.доллар гэсэн үг. Хамгийн хямдхан нь Овоот толгойн ордынх байсан аж. Уг ордын нүүрсний уурхайн үнэ 270-430 юань буюу 46-73 ам.долларт хүрсэн юм.
Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн онд нэлээд өссөн. Нэг тонн нь 177 ам.долларт хүрч байлаа. Гэвч энэ жил уг ашигт малтмалын үнэ буурав. Манай улс экспортод гаргаж буй төмрийн хүдрийн жишиг үнэ тогтоохдоо Австрали, Японы ган үйлдвэрлэгчдийн хоорондын худалдааны гэрээг харгалзан үздэг. Ингээд одоогоор нэг тонн төмрийн хүдрээ 96 ам.доллараар үнэлжээ. Манай улс ихэвчлэн 58 хувийн агуулгатай төмрийн хүдэр экспортолдог. Ийм хүдрийн үнэ дэлхийн зах зээлд эдүгээ 120-иос 90 ам.доллар болоод буй юм. Зах зээлийн шинжээчид дэлхийн зах зээлд ойрын үед нэг тонн зэсийн үнэ 7500-7800 орчим ам.доллар байх болов уу гэсэн таамаглал дэвшүүлээд буй. Энэ нь, уг металлын үнэ унахгүй гэсэн баталгаа биш. Үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээ, дэлхийн эдийн засгийн байдал л тухай тухайн үед аливаа түүхий эдийн үнэ ханшийг тогтоодог жамтай.
Гэтэл Хятадын эдийн засаг энэ жил нэг л базаахгүй байна. Өсөлт нь гурван хувиар буурсан хэмээн шинжээчид хэлж байгаа юм. Тус улсын ДНБ-ий өсөлт 7.6 хувьтай гарсан удаатай. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн 2009 оноос хойш хамгийн доогуур үзүүлэлт аж. Тухайн үед АНУ-ын хөрөнгийн зах зээл хямарч олон улс орныг араасаа чирсээр өнөөг хүрэв. Харин манай улс энэ хямралд арай өртөөгүй байв. Учир нь, Монгол Улсын экспортын түүхий эдийн ганц худалдан авагч Хятадын эдийн засаг өссөөр байсан юм. Үүнийг дагаад зэс, нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэж үнэ ханш нь ч дээшээ чиглэл зааж байв. Иймд манай эдийн засгийн өсөлт хурд нэмж халаас түнтийж ирсэн билээ.
Өнгөрсөн онд л гэхэд 17 хувьд хүрч хамгийн хурдацтай өссөн эдийн засагтай орон бол Монгол хэмээн шинжээчид тодорхойлж байсан юм. Гэтэл энэ оны хоёрдугаар хагасаас хойш ашигт малтмалын үнэ хямдарч манай экспорт буурч, эдийн засгийн хямралд татагдан орж эхлэв бололтой. Ингээд дан ганц уул уурхайд түшиглэж түүхий эдийн үнийн өсөлтөөр гялалзаж байсан эдийн засаг маань өөрийн эрхгүй өнгө зүсээ алдах эрсдэл тулгарлаа. Ашигт малтмалын үнэ өндөр байхад хэдэн төгрөг хадгалж үлдэх минь яав даа. Төр засаг, ард иргэдгүй бэлэн мөнгөнд хэтэрхий их бялуурч баруун солгойгүй цацсаныхаа горыг одоо амсч монголчууд бүсээ чангалж магадгүй нь.