Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдэд 0,7 га газар өмчлүүлэхийг “Хориглолоо”

Нийслэлд ямар ч зохион байгуулалтгүй иргэдэд газар олгосоор  ирсэн. Иймээс хотын шинэ удирдлага болон НИТХ-аар газар олголт, барилгажилтын асуудлыг хэд хэдэн удаа хөндсөн. Тэгвэл өчигдөр болсон НИТХ –аар энэ  асуудлыг дахин авч хэлэлцлээ.  Ямар ч байсан нийслэлийг эмх цэгцэнд  оруулахын тулд  хот төлөвлөлтөө дахин хийтэл нийслэлд буй 1300 га-гаас газар олгохгүй мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг дэд бүтцэд холбохгүй гэдгээ мэдэгдсэн. Баруун талаас Нэгдүгээр хорооллын эцэс, зүүн талдаа Офицеруудын ордон, хойшоо Их тойруу, урагшаа 19 дүгээр хороолол хүртэлх хэсэг газар хамардаг байна.

Ингээд  хурлаас хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал,  Засаг дарга нарыг газар олгохыг хориглолоо. Учир нь, Газрын тухай хуулийн дагуу дүүргийн Засаг дарга нар иргэдэд газрыг нь өмчлүүлдэг. Гэтэл энэ нь, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжихэд саад болж буй. Тиймээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа өмчлөлийн асуудлыг шийдэж байхаар боллоо.   Түүнчлэн иргэдэд  0.7 га газар олголт ч зогсоолоо. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт баруун аймгаас нэг өрх ирээд суурьшихаар бол тухайн өрхөд газар олгохгүй гэнэ. Харин энэ хугацаанд аль хэсэгт суурьшлын бүс байгуулах вэ, хаана ямар төлөвлөгөө хийх вэ  гэдгээ  Хот байгуулалт төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран хийх юм байна.

Мөн өөрийн өмчлөлд байгаа газрыг бэлэглэх, бусдад шилжүүлэхийг хориглолоо. Энэ нь нийслэлд газар авч буй газрын наймааг зогсоох нэг алхам болно хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн эзэмшилд олгогдсон газар дээрээ хоёр жил барилгын ажил эхлээгүй бол тухайн аж ахуйн нэгж иргэнээс газрыг нь төр авна хэмээн тогтоолын төсөлд заасныг танилцуулсан юм. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай бол газрыг нь улсын мэдэлд авахгүй гэлээ. Хурлын төгсгөлд  НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга “НИТХ-аас гарч буй шийдвэрүүд иргэдэд  хүнд тусч байгаа байх. Нийслэлийг эмх цэгцэнд  оруулахын тулд  хэд хэдэн асуудлыг шийдэхийг оролдож байна. Ямар ч байсан 11 хуулийг шинэчилбэл газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтын  эрхзүйн орчин сайжирна гэж үзэж байна. Олон нийт нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газар, инженерийн байгууламжийн норм, дүрэм зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно” хэмээн ярилаа.

 Нийслэлд тулгамдаж буй бас нэг бэрхшээл бол хог. Хогны асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хогны менежментээ  өөрчлөх ажлын  хэсэг гаргаад ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн  нийслэлд иргэний оролцоог чухалчилж хороодод эрх мэдэл өгөхөөр эрхзүйн орчныг нь боловсруулж буй. Энэ тохиолдолд  нэг хороонд дунджаар 200 сая төгрөг зарцуулах эрхтэй болно.  Хурлын төгсгөлд НИТХ-ын ээлжит бус хурлыг энэ сарын 13-нд хийхээр товлолоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан